З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих санг ТӨК болгож нөөцийн махыг бэлтгэх, үнийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг хянах ажлыг хийлгүүлнэ

З.Мэндсайхан: Хөдөө аж ахуйг дэмжих санг ТӨК болгож нөөцийн махыг бэлтгэх, үнийг тогтвортой байлгах, нийлүүлэлтийг хянах ажлыг хийлгүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өргөн хэрэглээний хүнсний импорт, махны үнийг тогтвортой байлгах асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй арилжааны банкны зээлийг өвөл, хавар махны нөөц бүрдүүлэх зориулалтаар гаргасан. Арилжааны банкуудаас өгсөн мэдээлэлд нийт 81 тэрбум төгрөгийн зээл гарч, ААН-үүд мах бэлтгэлдээ гарсан байна. Үүгээр 10.8 мянган тонн орчим мах бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 5.5 мянган тонн нөөцийн мах бэлтгэгдсэн байна. Мөн нийслэлд 30 гаруй  цэгт махны үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Ингэснээр иргэд махаа хямд үнээр өөрт ойр байршлаас авах боломжтой болох юм. Эхний ээлжид долоон цэгийн байршлыг тогтоосон. Мөн 1,000 машины зогсоол, Төв цэнгэлдэх хүрээлэнд махны задгай худалдаа явуулахаар боллоо. Махыг аль болох орон нутгийн иргэдээс нийслэл рүү буюу дундын оролцоогүйгээр явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих санг ТӨК болгох асуудлыг шийдвэрлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ компани төрийн өмчит болсноор бусад ААН-үүдтэй нэгдэн нөөцийн махыг бэлтгэхээс гадна үнийг тогтвортой байлгаж, нийлүүлэлтийг хянах юм. 

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын тухайд 79 вагон цагаан будаа, 70 вагон элсэн чихрийн захиалгыг ЗТХЯ, ГХЯ-аар дамжуулан өгөөд байгаа. Одоогийн байдлаар 16 вагон гол нэрийн бараа бүтээгдэхүүн орж ирсэн. 37 вагон ачигдаж байна. Энэ сардаа багтаад 106 вагон бараа ачигдаж орж ирнэ. Хүнсний нарийн ногоо импортлох 60 вагон захиалснаас уржигдар долоо нь орж ирсэн. Зургаан вагонд ногоо ачигдаж байна. Цаашдаа бид гол нэрийн хүнс, нарийн ногоог төмөр замаар импортлох ажлаа тогтворжуулна. Хүнсний бүтээгдэхүүн, нарийн ногоо импортоор орж ирснээр үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад бодитоор буурсан.

Гашуунсухайт, Ханги боомт дээр мэргэжлийн хяналтын лабораторийг байгууллаа. ААН-үүд маань эдгээр боомтоор хүнс болон сав баглаа боодлоо оруулж ирэх боломжийг бүрдүүлсэн" гэв.

ШУУД ҮЗЭХ: