Б.Алтансүх: Нярай хүүхдийн нас барсан хэрэгтэй холбогдуулан хэлэхэд золбин муурыг эмнэлэгт үзүүлэхгүйгээр гэртээ оруулах нь буруу байсан

Б.Алтансүх: Нярай хүүхдийн нас барсан хэрэгтэй холбогдуулан хэлэхэд золбин муурыг эмнэлэгт үзүүлэхгүйгээр гэртээ оруулах нь буруу байсан

-ХҮҮХДИЙН ЭЭЖ 19 НАСТАЙ. СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ. ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ БАЙЖЭЭ -

Энэ сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярай хүүхэд гэмтлийн улмаас нас барсан хэрэг гарсан. Хуулийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр хүүхдийн хамрын зөөлөн эдийг золбин муур гэмтээж нас барахад хүргэсэн байж болзошгүй байгаа юм. Уг хэргийн талаар бид албаны эх сурвалжаас дахин тодруулахад “Хүүхдийн ээж 19 настай. Сонсголын бэрхшээлтэй. Хэрэг гарах үед хүүхэдтэйгээ хамт байсан гэх мэдээлэл байна. Ахтайгаа нэг хашаанд амьдардаг байсан. Муурны тухайд зулзага байсан бөгөөд хашаанд орж ирэхэд нь дүү нар нь өхөөрдөн гэртээ оруулснаас болж ийм явдал болсон байж магадгүй байна” гэв.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж буй бөгөөд шүүх шинжилгээний хүрээлэнд холбогдох шинжилгээг хийж байна. Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд  хүүхэд нас барахад муур нөлөөлсөн эсэхийг эцсийн байдлаар тодруулах аж.

-Б.АЛТАНСҮХ: ГУДАМЖНЫ ЗОЛБИН МУУР ЗЭРЛЭГ ҮЙЛДЭЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ-

Олныг цочирдуулсан уг хэрэгтэй холбогдуулан бид муурны төрөлх араншингийн талаар “Жонон” мал эмнэлгийн малын их эмч Б. Алтансүхтэй ярилцлаа. Учир нь тус хэрэг гарсны дараа иргэд тэжээвэр муураа зэрлэгээр устгах, хаях төөрүүлэх үйлдлийг ихээр гаргаж байгаа аж. Тиймээс бид доорх ярилцлагаараа “Муур зэрлэгшиж хүний мах идэх боломжтой юу” гэдэг асуултад хариулт өгөхийг хичээлээ.

-Муурны төрөлх ааш, араншингийн онцлогийн талаар бидэнд мэдээлэл өгнө үү?

-Хүмүүс муурыг хэрхэн өсгөж, яаж харьцаж, хүмүүжүүлэхээс шалтгаална. Жишээ нь байнга тоглож, салхинд гаргаж нийгэмшүүлэх талаас нь харьцдаг бол муур тийм ч ааш муутай, зэрлэг амьтан биш. Зарим иргэд муурыг тэжээхдээ хэтэрхий их тамлан зовоох үйлдэл гаргадаг. Тухайлбал, гадагш гаргадаггүй, тайван байлгахгүй их ноолж стрессдүүлдэг. Нохой ч бай, муурч бай гаршуулсан амьтан шүү дээ. Муурыг эерэг зөөлөн амьтан ч гэж хэлэх боломжгүй.  Учир нь зэрлэг араатан амьтан л шүү дээ.

-Хоёр сартай хүүхдийн хамрыг муур идсэний улмаас нас барсан харамсалтай хэрэг саяхан гарлаа. Муур ийм зэрлэг араншин гаргасныг та мэргэжилтний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Тухайн амьтныг гадаа гудамжинд явж байхад нь өрөвдөөд гэртээ шууд оруулсан нь нэг талаараа буруу. Гэртээ оруулахаасаа өмнө амьтны дэлгүүр эсвэл мал эмнэлэгт хандаж үзүүлэх хэрэгтэй. Эхлээд тухайн амьтан ямар ааш араншинтай, гэртээ оруулж болох эсэх, өвчтэй үгүйг нь шалгуулж хянуулсаны дараа гэртээ оруулах ёстой байсан.

Гудамжинд явж буй муурнууд хоорондоо эвцэлдэж нийлэх, зүсрэх, цус ойртолт явагдах, ааш араншинд нь өөрчлөлт орох зэрэг явдлууд гардаг. Төрсөн цагаасаа гадаа өссөн, хүнтэй огт харьцаж үзээгүй учир зэрлэгшсэн байж болзошгүй гэж миний хувьд бодож байна.

-Тэгэхээр зарим иргэдийн зүгээс хэлж буй “Муур хүний эд эрхтэнг идэх боломжгүй” гэдэг мэдээлэл худал болж таарах нь ээ?

-Амьтан талаас нь тайлбарлавал муур дээрх зэрлэг үйлдлийг гаргах боломжтой. Учир нь аливаа газарт дасан зохицож хоол тэжээлээ олж иддэг махчин амьтан шүү дээ. Ерөнхийдөө гэрийн тэжээвэр амьдтаас илүү гудамжинд өсөж төрсөн амьтад  зэрлэг үйлдэл гаргадаг. Гудамжны нохой хүмүүс рүү дайрах, урах, хазах зэрэг үйлдэл цөөнгүй гардаг. Амьтад ийм үйлдэл гаргаж байгаа нь хүмүүс бидэнтэй холбоотой. Мөн гудамжны золбин амьтад өсөж үржиж байгаад хүмүүс ч буруутай. Муур авч тэжээдэг, сонирхол нь буурахаараа гаргаад хаячихдаг. Энэ нь цаашдаа золбироод явдаг. Охин муур л гэхэд цааш маш олон болж үржинэ шүү дээ. Нохой ч ялгаагүй. Тиймээс золбин нохой, муурыг чичлэхээсээ илүү хүмүүс бид нар үйлдлээ анхаарах хэрэгтэй. Амьтныг тэжээхдээ 15-20 жил наслахад нь байнгын хажуудаа байлгаж хайрлаж явах ёстой юм.

-Муур галзуурах тохиолдол хэр их гардаг вэ?

-Муур галзуурдаг амьтдын нэг. Тиймээс жилд нэг удаа галзуугийн вакцинд хамрагдах ёстой.

-Уг хэрэг гарснаас хойш муураа устгалд оруулахаар танай эмнэлэгт хандсан хүмүүс бий юу?

-Одоогоор тийм тохиолдол гараагүй байна.

 -Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Б.МӨНХБАЯР