Даргын талаар бичихдээ өөрөөс нь ЗӨВШӨӨРӨЛ авдаг болох заалтыг "Нийтийн мэдээллийн тухай хууль"-ийн төсөлд дахин оруулжээ

Даргын талаар бичихдээ өөрөөс нь ЗӨВШӨӨРӨЛ авдаг болох заалтыг "Нийтийн мэдээллийн тухай хууль"-ийн төсөлд дахин оруулжээ

-ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД АНХ УДАА “ХААЛТТАЙ” БОЛОН "ХЯЗГААРЛАЛТТАЙ" ГЭХ ЦОО ШИНЭ ОЙЛГОЛТ НЭМЭГДЭВ-

Эдгээр өдрүүдэд Хууль зүйн дотоод хэргийн яамнаас өргөн барьсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ дундаа Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэлэлцүүлэг нэлээн өргөн хүрээнд хийгдэж, ахицтай байгааг ажлын хэсгийнхэн тодотгож буй. Тус хуулийн 29.2 дахь заалтад мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг ХОРИГЛОНО гэж тодотгосон байсныг isee.mn анх олон нийтийн анхааралд оруулж, шүүмжилсний эцэст хэлэлцүүлгийн явцад хасуулсан.

Хэрвээ уг заалт хэвээр батлагдсан бол иргэд ДАРГЫН ТАЛААР БИЧИХДЭЭ ӨӨРӨӨС НЬ ЗӨВШӨӨРӨЛ авдаг болохоор байв. Тодруулбал, тус заалтаар Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16 дугаар заалт буюу “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх”, цаашлаад хардах эрхийг “боомилох”-оор байсан.

Гэтэл Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мөн л иргэдийн мэдэх эрхийг зөрчсөн ноцтой заалтууд олон оржээ. Тодруулбал, тус хуулийн 7.1 заалтад мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилжээ. Энэ нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид анх удаа “хаалттай” болон “хязгаарлалттай” мэдээлэл гэсэн цоо шинэ ойлголт нэмэгдэж буй ойлголт юм. 

Хуулийн төсөлд тодорхойлсноор “Танилцах ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ” гэсэн байх ба тус ангилалд багтсан мэдээллийг эрж хайх, олж авах, түгээх эрх чөлөөгөө эдлэхийн тулд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан байх шаардлагыг заажээ.

Үүнийг "Глоб интернэшнл" төрийн бус байгууллага болон бусад газруудаас эсэргүүцэж ажлын хэсгийнхэнд зөвлөмж хүргүүлж буй. 

Энэ талаар "Глоб интернэшнл" ТББ-ын хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн дүгнэхдээ "Ийм шаардлага тавих нь төрийн мэдээлэл дээд зэргээр ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурыг баримтлан хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах олон улсын зарчимтай зөрчилдөж байна.  Нэгэнт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль гэх мэт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлахыг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулж байна гэж үзэх үндэслэлтэй" гэжээ.

Цаашлаад хязгаарлалттай мэдээлэл гэсэн ангилалд албаны нууцын жагсаалтад орсон мэдээлэл нэлээд хувийг эзлэх нь тодорхой байна.

-ХЯЗГААРЛАЛТАЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫН ТУЛД ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛЖ ЗӨВШӨӨРӨЛ АВНА-

Мөн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд тусгаснаар хязгаарлалттай мэдээлэл гэсэн ангилалд албаны нууцаас гадна бусад хэд хэдэн зүйлийн мэдээллийг эрж хайх, олж авахад хязгаарлалт тогтоохоор заасны дотор тухайлбал, 9.2.2 болон 9.2.3-р зүйлд “....хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл ба төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл” гэх мэт мэдээллийг дурдсан байна.

Тэгэхээр эрүү, Иргэний болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, шалган шийдвэрлэх ажиллагааны явц дахь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл холбогдох процессын хуулиудаар нууцлагддаг мэдээллийг нийтэлж болохгүй гэсэн ойлголт шууд төрж байна. 

Хуулийн төслийн 9-р зүйлд "хязгаарлалттай мэдээлэл" авах тохиолдолд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан нөхцөлд олгох мэдээллийг гэж тодорхойлсон байна.

Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа:

  • Мэдээлэл авах зорилго
  • Мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа
  • Мэдээллийг ил болгох эсэх
  • Мэдээллийг бусдад дамжуулах эсэх
  • Зөвшөөрлөө цуцлах нөхцөл

Энэ мэт мэдээллийн эрх чөлөөний бүлэг эрхэд эрж хайх, олж авах, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтдаг. Хуулийн төсөлд тусгаснаар нээлттэй өгөгдлийн жагсаалтыг Засгийн газар батална гэжээ. Энэ жагсаалтад ямар өгөгдөл тусах нь тодорхойгүй нөхцөлд хуулиар нууцлаагүй төрд байгаа нээлттэй мэдээллийг иргэн, иргэний нийгмийн байгууллага, бусад эрх бүхий этгээд нээлттэй өгөгдөл болгон ашиглахад аливаа байдлаар саад хийх нь мэдээлэлтэй байх эрх чөлөөг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно.

Иргэн Үндсэн хуульд заасан “...төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар...” мэдээлэл хайн хүлээж авсан бол түүнийг хэрхэн ашиглах талаар хүсэлт гаргах нь төрөөс Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд нь хяналт тавьж, зохицуулах гэсэн оролдлого болох бөгөөд мэдээлэлтэй байх эрхийг үндэслэлгүй хязгаарлаж буй хэрэг болно. Цаашилбал, Үндсэн хуулийн холбогдох заалттай зөрчилдөх эрсдэл үүсгэж байна хэмээн "Глоб интернэшнл" ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн тодорхойлжээ. Хуулийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншина уу.