ДЭМБ: Ковидын шинэ хувилбар вакцинд тэсвэртэй, өвдөөд эдгэрсэн хүнийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй

ДЭМБ: Ковидын шинэ хувилбар вакцинд тэсвэртэй, өвдөөд эдгэрсэн хүнийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад илэрсэн коронавирусийн “B.1.1.529” хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага “variant of concern” буюу “онцгой анхаарал татаж буй” ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон (Omicron) үсгээр нэрлэх шийдвэрийг өнгөрсөн шөнө гаргажээ. Ингэснээр ДЭМБ-ын “variant of concern” ангилалд багтсан хувилбарын тоо тав болж байна. Тодруулбал,  

  • Альфа;(Их Британид анх бүртгэгдсэн)
  • Ветта; (Өмнөд Африкт анх бүртгэгдсэн)
  • Гамма;(Бразилд анх бүртгэгдсэн)
  • Дельта;(Энэтхэгт анх бүртгэгдсэн)
  • Омикрон(Өмнөд Африкт анх бүртгэгдсэн) хувилбарууд тус ангилалд багтаж байна.

-ШИНЭ ХУВИЛБАР ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН БОЛОН ӨВДӨӨД ЭДГЭСЭН ХҮНИЙГ ДАХИН ӨВЧЛҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Омикрон нь дотроо маш олон төрлийн мутацийг агуулж байгаа тул бусад хувилбараас халдварлах чадвар өндөр, вакцины үр дүнд тогтсон дархлаа болон байгалийн дархлааг “эвдэх” чадвартай байж болзошгүй хэмээн тархвар судлаачид болгоомжилж байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан болон өвдөөд эдгэрсэн хүмүүсийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй юм.

Их Британийн эрүүл мэндийн дээд албан тушаалтан коронавирусийн эсрэг вакцин нь шинэ хувилбарын эсрэг "бараг" үр дүн багатай байх болно гэж анхааруулжээ. Харин Оксфордын их сургуулийн бүтцийн биологич, профессор Жеймс Нейсмит "Энэ муу мэдээ, гэхдээ сүйрлийн өдөр биш. Шинэ мутаци илүү хурдан тархаж болзошгүй хэдий ч судалгааны дараа тодорхой болно” гэжээ. Мөн АНУ-ын халдварт өвчний ахлах доктор Энтони Фаучи “шинэ хувилбар хэдий улаан туг өргөхөд хүргэсэн ч вакцинууд хүнд өвдөхөөс хамгаалж магадгүй юм” гэв.

-ДЭЛХИЙН УЛС ОРНУУД АЯЛАЛЫН ХОРИГ ТОГТООЖ ЭХЛЭВ-

Омикрон хувилбар 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөд Африкаас илэрсэн талаар ДЭМБ мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Ботсвана, Бельги, Хонконг, Израильд бүртгэгдээд байна. Харин Өмнөд Африкийн эрүүл мэндийн байгууллагууд Омикрон хувилбарыг анх 11 дүгээр сарын 9-нд цуглуулсан сорьцонд илэрсэн гэжээ. Мөн өчигдөр/2021.11.26/ ДЭМБ тус хувилбараар өвчилсөн тохиолдлын тоо Өмнөд Африкийн бүх мужид нэмэгдэж буйг мэдэгдэв.

Одоогоор дэлхийн хэд хэдэн орон Африкийн өмнөд хэсэгт зорчихыг хязгаарласан шийдвэр гаргаад байна. Тодруулбал,

  • Их Британи Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини зэрэг улсаас аялагчид ирэхийг хоригложээ. Гэхдээ уг хязгаарлалт Их Британи, Ирландын иргэнд хамаарахгүй.
  • АНУ Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малавиас хийх нислэгүүдийг ирэх Даваа гарахаас хаах шийдвэр гаргав.
  • ЕХ-ны орнууд болон Швейцар Африкийн өмнөд хэсгийн зарим улс руу хийх нислэгээ түр хугацаагаар зогсоожээ.

Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Эрик Мамерын хэлж буйгаар Бельгид уг хувилбарын анхны тохиолдол батлагдсаны холбооны гишүүд дараа яаралтай хурал хийж, хязгаарлалт тогтоохоор тохиролцсон байна.

Япон улс өнөөдрөөс эхлэн Африкийн өмнөд хэсгээс ирэх аялагчдыг 10 хоногийн турш хорио цээрийн дэглэмд хамрагдаж, энэ хугацаанд нийт дөрвөн шинжилгээ өгөх арга хэмжээ авч эхлэх аж. Энэтхэг улс Өмнөд Африк, Ботсвана, Хонконгоос ирсэн аялагчдад илүү нарийн шинжилгээ хийлгэхийг тушаасан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Иран өмнөд Африкийн зургаан улс, тэр дундаа Өмнөд Африкийн аялагчдад хилээ хаажээ. Гэхдээ тус бүс нутгаас ирсэн Ираны иргэдийг хоёр удаа шинжилгээнд хамруулж, сөрөг гарсан тохиолдолд хилээр нэвтрүүлэх аж.  

Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фаахла нислэгийн хоригийг "үндэслэлгүй" гэж мэдэгдэн "Аялал жуулчлалыг хориглох, уг арга хэмжээтэй холбоотой зарим улс орнуудын хариу үйлдэл нь ДЭМБ-аас удирддаг хэм хэмжээ, стандартад бүрэн нийцэхгүй байна" гэв.

Мөн ДЭМБ Аялал жуулчлалын хязгаарлалтыг яаравчлан тогтоож буй улс орнуудыг "эрсдэлд суурилсан, шинжлэх ухааны арга барил"-ыг эрэлхийлэх хэрэгтэй гэж анхааруулав.

Вирус нь цаг хугацааны явцад өөрчлөгдөх, мутацид орох нь ердийн зүйл. Одоогоор шинэ хувилбар халдвар дамжих чадвар өндөр, бусад хувилбараас илүү хоруу чанартай, вакцинд тэсвэртэй  эсэх нь бүрэн нотлогдоогүй байна. ДЭМБ-ын мэдээлснээр шинэ хувилбарын нөлөөг судлахад дор хаяж хоёр долоо хоног шаардлагатай аж.