ВИДЕО: ТНБД-д тавигдах шаардлага хангаагүй С.Оюунбилэгийг Ковидын хуулийг ашиглаж Соёлын яаманд томилжээ

ВИДЕО: ТНБД-д тавигдах шаардлага хангаагүй С.Оюунбилэгийг Ковидын хуулийг ашиглаж Соёлын яаманд томилжээ

Засгийн газрын энэ оны есдүгээр сарын 15 /2021.09.15/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томилсон байдаг. Түүнийг сонгон шалгаруулалтгүйгээр "Ковид цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн хүрээнд томилсон гэж буй. 

Учир нь тус хуулийн, 3.2-д, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заажээ.

Харин С.Оюунбилэг нь Төрийн Нарийн Бичгийн даргын албан тушаалд томилогдох болзол, шаардлагыг хангахгүй байгаа аж. Учир нь, тэрээр нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд "Black Morgan" ХХК-д нягтлан бодогч, "My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал, "Хаан бууз сүлжээ" компанид ерөнхий менежер, гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж байсан байна.

Мөн тэрбээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг улс төрийн ажил хийж байсан нэгэн юм. 

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.1-д "Тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" тусгай шаардлагыг хангасан байх ёстой аж. 

Гэтэл шаардлага хангаагүй нэгнийг ийнхүү төрийн удирдах албан тушаалд томилсон нь буруу жишиг болж, хууль бусаар томилогдсон нэгэнд барьцах "өгөөш "болоод эхэлжээ. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун байнгын хорооны хуралдааны үеэр онцолсон. Тэрбээр "Төрийн бичгийг даргыг ямар ч туршлагагүй бууз хийж байсан хүнийг томилчихсон. Сая аймгуудаар явж байхад үүнтэй шууд барьцсан юм ярьж байна лээ. Хуулинд хууль бус томилгоо хийсэн бол Засгийн газар 14 хоногийн дотор засаж залруулна гэж заасан. Угтаа хортой модны жимс хортой байдаг гэдгийг бодох хэрэгтэй" гэжээ. Нэг үгээр хэлбэл дээдэс нь хөлөө олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг энэ. Төрийн нарийн бичгийн даргыг энэ мэтээр хууль зөрчиж томилсон учраас төрийн албаны хууль бус томилгоо, хууль зөрчих явдал газар авсаар байгаа аж.