УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 450 мянган ахмад тэтгэвэр авч байна. Одоогоор хорвоогийн жамаар нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн төлдөг. Ар гэрийн хэн нэг нь батлан даагч болдог, мөн зээлээ төлсний дараа нас барсны гэрчилгээг нь авдаг. Иймд энэ асуудлыг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Монгол улсын хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй нь дундаж нас 75 байгаа. Энэ бол шударга бус. Судалгаагаар 900 гаруй мянган хүн ядуу байна. Тэдний ихэнх нь тэтгэвэр авагчид. Тиймээс энэ хуулийг санаачилж, өргөн барьж байгаа" гэлээ.