"Хуульд нийцэж буй нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэсэн бичгийг М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч УДШ-д илгээжээ

"Хуульд нийцэж буй нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэсэн бичгийг М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч УДШ-д илгээжээ

Анх 1990 онд Р.Гончигдорж, М.Энхсайхан нарын маргаанаар эхэлсэн Ардчилсан нам /АН/-ын талцал, хуваагдал Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нараар үргэлжилсэн бол өдгөө С.Эрдэнэ, Х.Баттулга нар дээр эрчээ аваад явж байна.

Улмаар тэд хоёр талдаа дотоод сонгууль явуулж АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тодруулж, тэднийг тус намын даргаар бүртгүүлэхээр Улсын Дээд шүүх /УДШ/-д хандсан ч “хэнийг нь ч бүртгэхээс УДШ татгалзсан”. Учир нь улс төрийн намын дотоод маргаанд шүүх оролцох нь хуулиар хориотой. Иймд дотроо учраа олоод дахиад ханд л гэсэн үг.

- М.ТУЛГАТ, Ч.ӨНӨРБАЯР, О.ЦОГТГЭРЭЛ, Л.ГАНТӨМӨР НАР НЭГДЖЭЭ-

Тэгвэл ирэх Даваа гараг /2021.12.20/-т АН-ын даргыг бүртгэх УДШ-ийн хурал зарлагдсан байна. Харин энэ удаагийн хуралд М.Тулгат, Ч.Өнөрбаяр, О.Цогтгэрэл, Л.Гантөмөр нар нэгдэж “М.Тулгат О.Цогтгэрэл нараас хуулинд нийцэж байгаа нэгийг нь АН-ын даргаар бүртгэж өгнө үү. Бүртгэгдээгүй нэг нь дахин гомдол гаргахгүй” гэсэн утгатай “хамтарсан бичиг”-ийг УДШ-д өчигдөр /2021.12.15/ явуулжээ.

Товчхондоо, АН-ын даргын бүртгэлд “гол тээг” болоод байсан маргаанд залуус нь нэгдэж “цэг” тавихаар болж.

Энэ тухайгаа тэд өчигдөр хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдэгдэх байсан ч,С.Эрдэнэ мэдээд дургүйцэж, АН-ын удирдлагын багийн хурлыг зарлажээ. Харин тус хурлын үеэр Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү нар “Одоо АН нэгдэхгүй бол энэ байдал зогсохгүй нь. Намын гишүүдийнхээ итгэл үнэмшлийг хүндэтгэ, тэднийг бод” гэсэн утгатай үгийг хэлж С.Эрдэнийг буруутгажээ. Тэдний саналыг Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн нар дэмжсэн бол, н.Ганбаяр гэх эрхэм эсэргүүцэж байжээ. Тэгвэл өнөөдөр /2021.12.15/ 14:00 цагт АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус цахим хурлыг зарласан байна.

-М.ТУЛГАТЫГ АН-ЫН ДАРГААР БҮРТГЭВЭЛ ЕНБД-ААР Л.ГАНТӨМӨР, ХАРИН О.ЦОГТГЭРЭЛИЙГ БҮРТГЭВЭЛ ЕНБД-ААР Ч.ӨНӨРБАЯРЫГ ТОМИЛНО ГЭЖ ТЭД ТОХИРСОН УУ-

АН-ын бүртгэлд “гол тээг” болоод байсан асуудалд тус намын залуус нэгдэж, “цэг тавих”-аар болжээ гэж дээр дурдсан. Тэгвэл тэд зарим зүйл дээр тохиролцсон тул дээрх шийдвэрийг гаргасан байж магадгүй байна.

Тухайлбал, М.Тулгатыг АН-ын даргаар УДШ бүртгэсэн тохиолдол нөгөө талаас Л.Гантөмөр тус намын ЕНБД-аар томилогдож,Ч.Өнөрбаяр Нийслэлийн АН-ыг удирдаж, О.Цогтгэрэл АН-ын дэд дарга эсвэл ҮБХ-ны гишүүдийг тэргүүлэх. Нөгөө талаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэсэн тохиолдолд Ч.Өнөрбаяр тус намын ЕНБД-аар томилогдож, Л.Гантөмөр Нийслэлийн АН-ыг удирдаж, М.Тулгат АН-ын дэд дарга эсвэл ҮБХ-ны гишүүдийг тэргүүлэх гэсэн тохироо хийсэн байж магадгүй байна. Мөн АН-ын Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо зэрэг шийдвэр гаргах,бодлогын түвшний байгууллагууддаа гишүүдээ тэнцүү хамруулах гээд бүх тохироог тэд хийжээ. Харин тэд Х.Баттулга болоод С.Эрдэнэ нарыг тус намын бодлогын түвшинд оролцуулахгүй гэж тохиролцсон гэх мэдээлэл ч байна.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө