БАРИМТ: АН-ын байрлах байсан газрыг Голомтын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар тус бүр эзэмших болжээ

БАРИМТ: АН-ын байрлах байсан газрыг Голомтын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар тус бүр эзэмших болжээ

Ардчилсан нам /АН/ үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байргүйн улмаас тодорхой хугацаанд тус намын дарга хийсэн гишүүнийхээ хувийн байшинд байрлаж, энэ ч утгаараа “тамга” нь тэдэнд барьцаалагддаг гэж болно.  

Тэгвэл анх 1996 онд МАН одоо байгаа “Тусгаар тогтнолын ордон”-ын газар дээр байсан цагаан байраа өөрийг болгож авсан бол, АН-ыг бүрдүүлдэг Монголын Ардчилсан холбоо/МоАХ/ “Ардчиллын ордон” байрыг, Ардчилсан социалист хөдөлгөөн “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан “Хүзүүвч” гэх байр”-ыг, МҮДН Төв шуудангийн урд С.Зоригийн хөшөөний хажуу талын байшинг тус тус авч, өөрийн гэсэн байртай болж байжээ. Гэтэл гурвын гурван байртай байж болох АН өдгөө үйл ажиллагаа явуулах өөрийн эзэмшлийн байргүй болжээ. Товчхондоо, АН-ыг удирдаж байсан зарим хүмүүс тус намын байр болон газрыг нь бусдад зарж, өмчлөлийг нь шилжүүлжээ.

Н.Алтанхуягийн үед нэр бүхий банканд зарагдсан АН-ын байр

-АН-ЫН БАЙРЫГ Н.АЛТАНХУЯГ НЭР БҮХИЙ БАНКАНД ЗАРСАН БОЛ, МоАХ-Г Х.БАТТУЛГА ГАНЦААРАА ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ-

Тодруулбал, “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан АН-ын төв байр буюу хуучнаар “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин болон газрыг тус намын даргаар Н.Алтанхуяг ажиллаж байхдаа нэр бүхий банканд 7 тэрбум төгрөгөөр зарсан байдаг. Улмаар тус 7 тэрбум төгрөгөөс жилийн дараа 45 мянган төгрөг үлдсэн талаар бид өмнө нь баримттай мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-г Х.Баттулга эзэмшиж байна. Эх сурвалж: УБЕГ

Харин МоАХ-ны үйл ажиллагаа “Ардчиллын ордон” гэх байрандаа одоо ч явагддаг байна. Хачирхалтай нь, МоАХ нь 2015 оны долдугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, тус холбооны хувьцаа эзэмшигч болон Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий ганц хүнээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ.

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны эзэмшиж буй газрын мэдээлэл

Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны эзэмшиж буй газрын мэдээлэл

Иймд МоАХ-ны байр Х.Баттулгын мэдэлд очсон байж болзошгүй байгаа юм. Сонирхуулахад, Х.Баттулга Ерөнхийлөгчийн албан тушаалаас буудаг өдрөө зарлиг гаргаж Монголын Ардчилсан холбоо ТББ-ыг “Монгол Улсын баатар” цолоор шагнасан билээ. Учир нь Монголын Ардчилсан Холбоо нь 1989 оны ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулсан улс төрийн хөдөлгөөн гэдэг. Ингэхээр тус холбоо нь 2015 он бус 1989 онд анх үүсгэн байгуулагдсан байгаа юм.

-С.ЗОРИГИЙН ХӨШӨӨНИЙ ХАЖУУД БАЙХ АН-ЫН БАЙРНЫ ГАЗРЫГ ГОЛОМТ БАНКНЫ ЭЗЭН Д.БАЯСГАЛАН ЭЗЭМШИХ БОЛЖЭЭ-

Тэгвэл зарим иргэд Төв шуудангийн урд байх С.Зориг агсны хөшөөний хажуу талын хоёр давхар жижиг байшинг АН-ын төв байр гэж андуурдаг. Учир нь тус байр “Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Б.Мэдрээ нарын тэргүүлдэг МҮДН-ын эзэмшилд байж.

Харин тус байшингийн газрын эрх Голомт банкны эзэн Д.Баясгалангийн эзэмшилд очжээ.

Төв шуудангийн урд, С.Зоригийн хөшөөний дэргэдэх газрыг эзэмшдэг Д.Баясгалангийн “Ардчилалын өргөө” ХХК-ны мэдээлэл

Тодруулбал, тус газрыг эзэмших эрх “Ардчилалын өргөө” ХХК-д байгаа юм. Харин энэхүү “Ардчилалын өргөө” ХХК-ийг Голомт банкны эзэн Данзандоржийн Баясгалан ганцаараа эзэмшиж байгаа юм. Газар ашиглалтын төрлийг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэмээжээ.

“Ардчилалын өргөө” ХХК-н эзэмшиж буй газрын мэдээлэл

“Ардчилалын өргөө” ХХК-н эзэмшиж буй газрын мэдээлэл

Зарим эх сурвалжууд, “тус газрыг Д.Баясгалан 480 мянган ам.доллараар МҮДН-ээс худалдаж авсан байж болзошгүй, Улмаар тус газарт томоохон барилга барихаар төлөвлөсөн гэх мэдээлэл байна” гэсэн юм. Ямартай ч, Монголын улс төрийн хоёр гол тулгуурын нэг гэгдэх АН өдгөө гурвын гурван байранд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж болох байсан ч харамсалтай нь тэгсэнгүй.