БАРИМТ: АН-ын байрыг зарсан 7 тэрбум төгрөгөөс “жилийн дараа” 45 мянган төгрөг үлджээ

БАРИМТ: АН-ын байрыг зарсан 7 тэрбум төгрөгөөс “жилийн дараа” 45 мянган төгрөг үлджээ

Монгол улс төрийн хоёр том хүчний нэг Ардчилсан нам өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй байгаа нь тус намын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай  холбоотой гэж тус намын зарим гишүүд харддаг байна. 

-ГИШҮҮД НЬ АН-ЫН БАЙРЫГ ЗАРСАН 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАЙЛАНГ НЭХЭЖ МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙЖЭЭ-

Тухайлбал, 2017 онд АН-ын ахмад гишүүн О.Цоодол, Д.Батсайхан, Н.Төмөрбаатар нар мэдээлэл хийх үеэрээ, “Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш өөрийн гэсэн байргүй болсон. Соёлын төв өргөөний хажууд байсан байрыг буулгаад, 2012 онд шинэ байр барих гээд ажил эхэлж байсан. Намын байр байрлаж байсан газрыг 7 тэрбум төгрөгөөр зарсан гэсэн мэдээлэл байгаа. Харин өнөөдөр газар ч, байр ч, мөнгө ч байхгүй болчихсон байна. Учир мэдэх хүмүүсийн яриагаар долоон тэрбум төгрөгийг ганцхан жилийн дотор үрж дуусгасан гэдэг. Тиймээс Н.Алтанхуяг энэ болчимгүй үйлдлээ залруулж, АН-ын 180 мянган гишүүнээс уучлал гуйхын зэрэгцээ учруулсан хохирлоо барагдуулахыг шаардаж байна” гэж мэдэгдэл хийж байжээ. 

Тэд энэхүү мэдээлэлдээ “Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байсан АН-ын төв байр буюу “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин”-ийн талаар ярьжээ.

Соёлын төв өргөөний урд байсан АН-ын төв байр

Харин АН-ын тус байр, газрыг зарж олсон мөнгийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэх тайлбарыг зарим эх сурвалжууд өгдөг. 

-2013 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДАРАА АН-ЫН БАЙР, ГАЗРЫГ ХУДАЛДСАН УУ-

Гэтэл АН-ын тус барилга, газрыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэр бүхий банканд худалдсан байж болзошгүй байна. Тодруулбал, 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван сарын дараа АН-ын дансанд 7 тэрбум төгрөг “дуудлага худалдааны дэнчингийн төлбөр шилжүүлэв” гэсэн утгатай орж, ирж байжээ.

Ингээд тус мөнгөнөөс нэг жилийн дараа буюу 2014 оны есдүгээр сарын 25 –ны өдөр гэхэд ердөө 45 мянган төгрөг үлджээ.  

Учир нь тус 7 тэрбум төгрөгийн 3,1 тэрбум гаруй төгрөг /1,3 болон 1,7 тэрбум төгрөг/-ийг 2013 оны аравдугаар сарын 1 –ны өдөр “зээл төлөв. ардчилсан нам” гэсэн утгатай гаргажээ. Ингээд үлдсэн мөнгө болох 3,8 тэрбум гаруй төгрөгийн ихэнх нь “Чек зарлага”, “Ардчилсан нам тооцоогоор” гэсэн гүйлгээний утгатай 50 саяас 2,5 тэрбум төгрөг хүртэл хэмжээтэй бэлэн болоод бэлэн бусаар гарсаар дуусаж, эцэст нь тус мөнгөнөөс нэг жилийн дараа 45 мянган төгрөг үлдсэн байна. Тухайлбал, 2014 оны хоёрдугаар сарын 27 –ны өдөр “Тооцоогоор Ардчилсан нам” гэсэн утгаар 2,5 тэрбум төгрөгийг гаргажээ. Харин энэхүү мөнгийг тухайн үеийн АН-ын удирдлагууд юунд зарцуулсан нь одоо хэрнэ тодорхой бус байж болзошгүй байна. 

7 тэрбум төгрөг орж ирээд, жилийн дараа 45 мянган төгрөг үлджээ

Гүйлгээ

-НАМЫН БАЙР ЭД ХӨРӨНГИЙГ ЗАРЖ ҮГҮЙ ХИЙСЭН ГЭЖ Н.АЛТАНХУЯГИЙГ АН-ЫН ГИШҮҮНЭЭС ХАССАН УУ-

Мөн 2009 оноос эхлэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж 20 давхар “Ардчиллын өргөө” гэх байшин барихаар тухай үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй тус намын удирдлагууд хандивын аяныг орон даяар өрнүүлж байжээ. Ингээд “Ардчиллын өргөө”-нд хандив өргөсөн АН-ын гишүүддээ бэлгэдэл болгон “тоосго” болон дурсгалын зүйлс өгч байж. Харин Н.Алтанхуяг АН-ын даргын ажлаа 2014 оны арван нэгдүгээр сарын 14 ны өдөр өгч байсан юм. Мөн 2019 оны дөрөвдүгээр сард “АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн, намд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан, намын байр эд хөрөнгийг зарж үгүй хийсэн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнээс хасах шийдвэрийг Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооноос гаргасан" гэж мэдээлжээ.