Оросууд "хийн хоолой" төслөөр Монголчуудыг ашиглаж "Дайныг дэмжиж буй орнуудын" нэг гэх мессежийг ОУ-д өгөв үү

Оросууд "хийн хоолой" төслөөр Монголчуудыг ашиглаж "Дайныг дэмжиж буй орнуудын" нэг гэх мессежийг ОУ-д өгөв үү

Бидний өмнө нь нийтэлж байсан Оросууд хийн хоолойн "санамж бичиг"-т Ө.Энхтүвшинг, "ТЭЗҮ-ийн тэмдэглэл"-д С.Амарсайханг гарын үсэг зуруулж хошигруулсан тухай нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан. Мөн өчигдөр /2022.02.28/ төслийн дараагийн шат буюу зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг эхлүүлэх тухай гэрээнд  Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар гарын үсэг зурсан байна. 

Тэгвэл Шадар сайд С.Амарсайханы гарын үсэг зурсан дээрх үйлдлийг шүүмжлэх хүн олон байна. Мөн түүнийг улс төр, геополитикийн хувьд мэдрэмжгүй ажилласан байж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүдэд бичиж эхэллээ.

Хэдийгээр бид тус "аварга" төслөөс эдийн засгийн асар их үр өгөөжийг хүртэх магадлалтай ч цаг, үеэ мэдрэхгүй шийдвэр гаргах нь хэр зөв бэ гэдгийг мөн өчигдрийн үйл явдал харууллаа.  Нөгөөтэйгүүр ОХУ-нь улс төрийн эгзэгтэй цаг үед хийн хоолойн төслийн нэрийг барьж монголчуудыг татан оролцуулж байх магадлалтай байна. Ингэж хардах хэд, хэдэн өнцөг ч бий.

Тухайлбал, хамтарсан төлөвлөгөө үзэглэх процессийг ОХУ, Украины дайн дэгдсэн үед идэвхжүүлж буй нь анхаарал татаж байна. 

Учир нь ОХУ-ын “Газпром” ХНХ-т барууны орнууд эдийн засгийн хориг тавиад буй. Түүнчлэн нэрийн “Газпром” банк нь SWIFT системээс хасагдсан тул ямар ч гадаад гүйлгээ хийх боломжгүй болчхоод байгаа. Харин хийн хоолойн төслийг гүйцэтгэх компани нь “Газпром”. Улмаар Украины асуудал намжиж, ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээнээс мултартал манай хийн хоолойн төсөл урагшлахгүй зогсож болзошгүй байна.

ХБНГУ-ын хувьд Украины асуудалтай холбогдуулан, ОХУ-ын байгалийн хийг Европт хүргэдэг “Хойд хоолой-2”-т хориг тавин зогсоогоод буй. Цаашлаад олон улс ОХУ-ын байгалийн хийн зах зээлд ямар хориг арга хэмжээ авах нь анхаарал татах асуудал болоод байгаа юм.

Энэ талаар intellinews сайтад “ХБНГУ ОХУ-ын Европ руу хийн хоолойг царцаагаад байгаа. ОХУ-ын түрэмгийллийн улмаас улс орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн энэ үед эл гэрээг үзэглэсэн үйл явдал маргаан дагуулж магадгүй юм” гэж мэдээлжээ.

Эцэст нь, энэ төсөл хэрэгжих эсэх нь ОХУ талаас хамаарна. Тэд БОЛОМЖГҮЙ гэвэл ямар ч аргагүй. Өнгөрсөн хугацааны үйл явдлууд ч үүнийг гэрчилнэ. Мөн тэд цаг хугацааны нарийн ньюанс, улс төрийн эгзэгтэй цаг үед хийн хоолойн асуудлыг сөхөж, түүндээ биднийг татан оруулдаг нь өчигдрийн үйл явдлаас харагдаж байна.  Тухайлбал, өчигдрийн үйл явдлын талаар Оросын төрийн хэвлэл Риановостид нийтэлж "Манай улсыг дэмжих улс орнууд бий шүү" гэх өнцгийг гадныханд "шидлэв".