Оросууд “хийн хоолой”-н "санамж бичиг"-т Ө.Энхтүвшинг, "ТЭЗҮ-ийн тэмдэглэл"-д С.Амарсайханг гарын үсэг зуруулж хошигруулав

Оросууд “хийн хоолой”-н "санамж бичиг"-т Ө.Энхтүвшинг, "ТЭЗҮ-ийн тэмдэглэл"-д С.Амарсайханг гарын үсэг зуруулж хошигруулав

Өчигдөр /2022.01.25/ Монголд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, “Хаан банк”-ны бүх төрлийн төхөөрөмжийн гүйлгээнд саатал гарсан үйл явдал олны анхаарлын төвд өнгөрөв. Үүнээс гадна бас нэгэн анхаарах үйл явдал болсон нь ОХУ-аас БНХАУ руу манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан тухай байлаа. Шадар сайд С.Амарсайхан уг ажилд ихээхэн ач холбогдол өгч, сурталчилгаагаа ч сайн хийв.

-ТЭЗҮ-Г ЭЦЭСЛЭЭГҮЙ ЭХЛҮҮЛЖ БУЙ НЬ ТОДОРХОЙ БОЛОВ-

Дээрх хийн хоолойн төсөл нь манай эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэгдэх учир (ашигтай гэдгийг илтгэх албан ёсны нэг ч судалгаагүй) маш их анхаарч үзэн өчигдөр чухам юу болчхов, ямар асуудлыг шийдэв гэдгийг сураглалаа.

Тодруулбал, тус "аварга" төслийн ТЭЗҮ-г эцэслээгүй бөгөөд харин ТЭЗҮ бэлдэх ажлыг эхлүүлсэн байна.

Эцэслэсэн, эхлүүлсэн хоёр тэс өөр утгатай. Ялангуяа техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэнэ гэдэг нь бүх судалгааг хийсэн гэсэн үг. Гэтэл манай Засгийн газар уг төслийг ЭЦЭСЛЭЛЭЭ гэж зарласан нь ихээхэн анхаарал татах.

Чухам яагаад эхэлсэн гэж тодотгож байна вэ гэвэл, тус төсөл ямар үр өгөөжтэй, хаагуур дайруулж барих, хууль эрх зүйн хувьд манай тал ямар өөрчлөлтийг хийх зэрэг бүх зүйлийн ТЭЗҮ тодорхой болоогүй бөгөөд өчигдөр /2022.01.25/ зөвхөн техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй гэдгийг эхний байдлаар зарласан төдий аж. Мөн 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Тэгэхээр зураг төсөл огт хийгдэж эхлээгүй зүгээр л хийж магадгүй гэдгээ л зарласан аж.

Энэ талаар албаны хүн /нэрийг нь нууцлав/ тайлбарлахдаа, “Энэ төслийг хэрэгжүүлэхэд техникийн хувьд боломжтой, эдийн засгийн хувьд өгөөжтэй гэдэг тодорхой болж байна гэсэн үг. Үргэлжлүүлэн инженерийн нарийвчласан хайгуул судалгаа, барилгын зураг төслийн ажил руу орно. Түүнээс эдийн засагт ямар үр өгөөж өгөх зэрэг нь одоогоор тодорхойгүй байна. 2022, 2023 онд шугам хоолой баригдах зурвас газрыг тодорхой болгох, өрөмдлөг хийх, хөрс судлах, барилгын зураг төсөл хийх ажил хийгдэнэ.Үүний дараа ОХУ-ын талаас барилга байгууламжийн ажлыг эхлүүлж болох юм байна гэвэл 2024 хийж эхэлнэ гэх төсөөлөл бий” гэв.

-Л.АМАРСАНАА: 2024 ОНООС ХОЙШ ЮУ БОЛОХЫГ БИ ОДОО ХЭЛЖ МЭДЭХГҮЙ-

Дээрх дүгнэлтээс хоёр зүйл тодорхой болж байна. 

  • Нэгдүгээрт, Бүх зүйл дөнгөж эхэлж байна. 2019 онд В.Путин хийн хоолойг Монголоор дамжуулах боломжтой эсэхийг судлах үүргийг холбогдох албаныхандаа дахин өгсөн юм. Үүнээс хойш гурван жил өнгөрсний дараа ОХУ-аас судалгааны хариуг "БОЛОМЖТОЙ" гэх товчхон хариултаар өгсөнд бид хөөрцөглөсөн үү.
  • Хоёрдугаарт, Оросуудын дургүй хүргэвэл "БОЛОМЖГҮЙ" ч болгох эрсдэлтэй. Манай талаас уг ажлыг хариуцаж буй “Эрдэнэс газ” төслийн удирдагч Л.Амарсанаа хэлэхдээ “2024 оноос хойш юу болохыг хэлж мэдэхгүй байна” гэх. Юутай ч тус төсөл ОХУ-ын талаас 100 хувь хамаарна. Хэрвээ тус улс төслийг хойш тавьбал зураг төсөл хойшилно гэсэн үг.

Юу үнэн гэвэл хийн хоолойн төслийн асуудлаар ОХУ-ын талаас тоймтой шийдвэр гаргаж, шуурхай, ажил хэрэгчээр хандахгүй байгаа нь үнэн. Манай талаас асуудлыг ярих бүрт аргацааж ирсэн.

Өчигдөр /2022.01.25/ Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалтын нээлттэй барьцаж буй мэт, "За яахав боломжтой юм байна" гэх хариултыг хээв нэг өгчээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Газпром компанийн А.Миллертэй байгуулсан "Санамж бичиг"

Үүнээс өмнө буюу 2019 онд "Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Шадар сайд Ө.Энхтүвшин нар "Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичиг"-т гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийг манай зарим хэвлэл, мэдээллийн байгууллага 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийн албан ёсны эхлэл тавигдлаа гэж хөөрцөглөж байв.

Үнэндээ, дээрх санамж бичиг нь ОХУ-ын “Газпром” компани Монгол Улсын өмнө хууль зүйн үүрэг хүлээхгүй, өөрчлөхгүй, санамж бичгийн 1, 2, 5, 7 дугаар зүйлд тохирсныг зөрчлөө гэхэд ямар нэг хариуцлага хүлээхгүй гэх утгатай байв. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Товчхондоо, "Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлнэ" гэж М.Энхтүвшинтэй "санамж бичиг" зурж хошигруулсан бол, энэ удаа С.Амарсайханыг ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулж хошигруулжээ.