2020 онд агаарын бохирдолд болоод театр барихад хамгийн их хөрөнгө ХИЙСГЭНЭ

2020 онд агаарын бохирдолд болоод театр барихад хамгийн их хөрөнгө ХИЙСГЭНЭ

Өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийг УИХ-д өргөн барихтай холбогдуулан төсвийн талаар танилцуулга хийсэн юм. Ирэх оны төсвийг ерөнхийлөн дурдвал,

-ЭНЭ ОНД ТӨСВИЙН АЛДАГДАЛ 2 ИХ НАЯДАД ХҮРЧЭЭ-

Ирэх оны улсын төсвийг Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцүүлжээ. Сүүлийн хоёр жилд улсын төсвийг тодотгоогүй. Энэ онд төсвийн алдагдал 2 их наяд төгрөгийн алдагдалтай ч 2023 оноос эхлэн ашигтай болно гэдгийг тэрээр онцолсон. Мөн Алдагдлыг шууд танах нь иргэд, ААН-д сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул алдагдлыг аажим булгана гэсэн юм.

Эдийн засгийн өсөлт ирэх онд 7-8 хувь, инфляц одоогийнхтой ижил буюу 8 хувь байхаар байна. Саарал жагсаалтад орох эрсдэл одоо ч байгаа, хэрэв энэ жагсаалтад орвол манай зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалт, гадаад валютын гүйлгээнд сөргөөр нөлөөлнө.

Түүхий эдийн үнийн уналт дараагийн том эрсдэл аж. БНХАУ-АНУ-ын хооронд дэгдсэн худалдааны маргаан, түүхий эдийн үнийн тодорхойгүй байдал, өвөлжилт хүндэрвэл эдийн засагт нөлөөлнө.

Улсын нэгдсэн төсвийн:

  • Тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 29 хувь
  • Нийт зарлагын дээд хэмжээг 13,8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Уул уухайн голлох бүтээгдэхүүнүүд

42 сая тонн нүүрс худалдана. (эрчим хүчний нүүрсийг 75, коксжих нүүрсийг 125 ам.доллараар тус тус худалдана.)

  • 1225 мянган тонн зэсийн баяжмал худалдана.
  • Төмрийн хүдэр, алтны үнэ өсөх тооцоо хийсэн.

ЭМЧИЙН ЦАЛИНГ ОРХИГДУУЛЖ БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМНЭ-

Ирэх оны төсөвт иргэдтэй холбоотой өөрчлөлтүүд:

  • Ирэх оноос эхлэн МСҮТ-ийн оюутнууд сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг болно.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг нэмэхээр тусгажээ.
  • Эхчүүд тэтгэвэрт гарахад нийгмийн даатгал төлсөн хугацааг нь хүүхдийнх нь тоогоор үржүүлж бодно. Жишээ нь 4 хүүхэдтэй эхэд 6 жилийг нэмж тооцно.
  • Цалинг инфляцтай уялдуулан нэмэхэд 160 тэрбум төгрөг
  • Төрийн албаны шинэ хууль хэрэгжих тул 140 тэрбум төгрөгийн нэмэлт зардал тусгасан. Жишээ нь багш нарын дундаж цалин 1.5 сая болно.
  • Эрүүл шүд хөтөлбөрт 5.3 тэрбум төгрөг дахин зарцуулна гэжээ.

Иргэд болоод нийгмийн амьдралтай шууд холбоотой өөрчлөлтүүд энэ юм. Нийгэмд багш, эмч, төрийн албан хаагчид гэсэн гурван том субьект бий. Үүний нэг төлөөлөл багш нарын цалинг ирэх онд 1.5 саяд хүргэхээр эрх баригч нам улсын төсвөөр чөдөрлөх нь. Сонгуулийн өмнөхөн нийгмийн бүхэл бүтэн нэг төлөөллийг цалингаар нь дамжуулан дөнгөлж байгаа гэж дүгнэх хүмүүс ч байгаа юм.  

-ГУРВАН ТЕАТР, НЭГ НОМЫН САН БАРИХ 50 ТЭРБУМААР ХИЧНЭЭН ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОЖ БОЛОХ ВЭ-

Бусад зардлуудад төсөвлөсөн хөрөнгийг задалж үзье. Үүнд үндэсний гэх тодотголтой музей, теарт, номын санг нурааж дахин шинээр барих ажилд нилээдгүй хөрөнгө төсөвлөжээ. Гэвч иргэд, олон нийтийн дийлэнх нь нурааж шинээр барихыг эсэргүүцэж байгаа юм. Сэргээн засварлаж хуучин дүр төрхтэйгээр нь авч үлдэхийг дэмжиж буй. Тухайлбал,

  • Байгалийн түүхийн музей шинээр барихад 53 тэрбум,
  • Үндэсний урлагийн их театр шинээр барихад 30 тэрбум,
  • Улсын драмын эрдмийн театр шинээр барихад 4 тэрбум,
  • Төв номын сан шинээр барихад 4 тэрбум,
  • Дуур бүжгийн эрдмийн театрыг мөн шинээр барина гэж төсөвлөжээ. Нийт 100 гаоуй тэрбум төгрөгийн өртөгтэй аж.

Эндээс хэзээ мөдгүй нурах шахаж буй Байгалийн түүхийн музейн барилгаас бусад нь ашиглалтын шаардлага хангаж буй дуулиан дэгдсэн. Эдгээр барилгуудын шинэ макетад тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байдаг. Хуучны  содон чамин хийцтэй барилгуудыг нурааж дахиан босгоход хичнээн жил зарцуулагдаж, хичнээн жил царцахыг бид таашгүй. Бүр тодорхой хэлбэл, яармаг дахь шинэ төрөх эмнэлгийн барилгын ажил яг арван жил царцаж буй. Үүнтэй ижил эдгээр барилгууд царцчихвал цаана нь хичнээн хүн ажлын байраа хүлээж гудамжинд гарахыг ч таашгүй юм.

Байгалийн түүхийн музейг нурааж шинээр барихыг иргэд 100 хувь гараа өргөж дэмжих нь дамжиггүй. Харин бусад барилгыг нурааж барих 50 гаруй тэрбжм төгрөгөөр хичнээн олон сургууль цэцэрлэг барьж болох бол.

-АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХАД 137 ТЭРБУМ БУЮУ
“ХЭТ ӨНДӨР” МӨНГӨ ТӨСӨВЛӨЖЭЭ-

Энэ 2019 оны улсын төсөвч агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбумыг төсөвлөж байсан билээ. Тэгвэл ирэх 2020 оны улсын төсөвт “Агаарын бохирдлыг бууруулахад 137 тэрбум” төгрөг суулгажээ. Эргэн сануулахад, 2016 онд агаарын бохирдлыг бууруулахад бүр 5 тэрбум орчим, 2017 онд 4 тэрбум төгрөг төсөвлөж байсан ч, салхинд хийсгэсэн гашуун туршлага бий билээ.

Гэтэл ирэх онд бүр 100-гаад тэрбумыг буюу үсрэнгүй их мөнгө төсөвлөжээ. Үүнээс харахад нийслэлийн их утааг юу ч үгүй арилгачих их хэмжээний мөнгө аж. Жил бүр тэрбум тэрбумаар нь зарцуулдаг ч, утаа бахь байдгаараа. Харин энэ онд шахмал түлш хэхэглэж утаатай тэмцэж байгаагаараа онцлог.

-УЛСЫН ӨР ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСНИЙГ
ДЭЛХИЙН БАНК САНУУЛСАН-

Улсын өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг байгаа гэдгийг дэлхийн банкнаас сануулсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох шаардлагатай байгаа. Ийм байхад агаарын бохидол, гурван театр, нэг номын сан барихад л 200 гаруй тэрбумыг төсөвлөчихсөн нь хэр оновчтой вэ гэдэг эргэлзээ дагуулж байна. Монголын Засгийн газрын өр сүүлийн  5-6 жилд огцом нэмэгдсэн. Төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.