Б.Тэгш-Очир: Польшийн хил дээр Монголынхоо далбаа, монгол хүнээ хараад л шууд уйлмаар санагдаж, нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн

Б.Тэгш-Очир: Польшийн хил дээр Монголынхоо далбаа, монгол хүнээ хараад л шууд уйлмаар санагдаж, нүдэнд нулимс цийлэгнээд ирсэн

Украины Харьков хот өнөөг хүртэл Оросын армийн цохилтод өртөж байгаа талаар барууны хэвлэлүүд мэдээлж буй. Тус хотод Монголын цөөнгүй иргэн байсан нь хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ. Тэдний нэг болох Б.Тэгш-Очиртой бид ярилцлаа.

-ПУУЖИНГИЙН ӨӨДӨӨС ЮУ Ч ХИЙЖ, ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ХЭЗЭЭ ҮХЭХ БОЛ ДОО ГЭЖ Л БОДОЖ ӨДӨР ХОНОГ ӨНГӨРЧ БАЙЛАА.ТЭНД ХҮМҮҮСИЙГ ЗҮГЭЭР Л АЛЖ БАЙНА-

-ОХУ Украин руу дайрч эхлэхээс өмнө та тус улсад амьдарч байсан. Тухайн үед дайн болох талаар иргэд мэдээлэлтэй байв уу. Таамаглал, болгоомжлол байв уу?

-Бараг сарын өмнөөс Орост ч тэр, Украинд ч тэр “дайн болох гэж” гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Гэхдээ ихэнх хүн итгээгүй. Яг бөмбөгдөлт болохоос хоёр хоногийн өмнө Оросын тал “Бид дайн хийх гэж ирээгүй.  Беларусьт хээрийн бэлтгэл хийж байгаад одоо буцаж байна” гэж мэдэгдэл хийн танкуудаа буцааж байгаа бичлэг харуулж байсан. Гэтэл тэгж мэдэгдэл хийснээс хоёрхон хоногийн дараа буюу 2 дугаар сарын 24-ний өглөө хүмүүс дуг нойрондоо унтаж байхад бөмбөгдөж эхэлсэн. Бөмдөгдөлтийн чимээ үнэхээр цочирдом байсан. Сэрээд л шууд шоконд орохоор. Үүрээр тэнгэр дээгүүр яг л од явж байгаа юм шиг, чанга чанга чимээ гарч, газар хөдлөөд л. Удалгүй дуут дохио дуугарч эхэлсэн. Тэгээд л яах вэ гэж бодон метро руу орохоор шийдэн, гэрээсээ дулаан хувцсаа аваад гарсан. Тухайн үед хотыг тэр чигт нь бөмбөгдөж байна гэж бодож байсан болохоор хэзээ бууны сум ороод ирэх бол гэж үнэхээр их айсан. Метронд ороход бүх хүн айж, сандарсан байдалтай, эмх замбараагүй байдал үүссэн байсан.

-Метронд нийт хэдэн өдөр байсан бэ. Өдөр хоногийг яажшуухан өнгөрүүлж байв?

-Метронд нийт таван өдөр, дөрвөн шөнө байрласан. Эхний хоёр хоног тун хэцүү өнгөрсөн шүү. Дайны бэлэн байдалтай, унтаж ч чадаагүй. Тухайн үед цас орчихсон хүйтэн байсан ч хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс газарт шуудай дэвсээд унтаж байсан. Ингээд хоёр дахь хоногоос гэр рүүгээ гүйн зузаан хувцас, хөнжил, майхан зэргийг авч ирсэн. Тэгсэн ч метро учраас үнэхээр хүйтэн. Мөн бөмбөгдөлтийн чимээ маш хүчтэй сонсогдоно. Танк, хүнд техник явахаар тааз нь чичирнэ.

Нэг өдөр энэ хавийг цэргүүд бүсэлчихлээ, танкууд ирчихлээ гээд цагдаа нар ороод ирсэн. Бөмбөгдөлтийн чимээг сонсонгуутаа бүгдийг нь “шал руу хэвт” гэж орилж, хүүхдээ уйлуулах битгий хэл нохойгоо ч хуцуулж болохгүй гэсэн. Хүүхэд маань уйлахад аргагүйн эрхэнд амыг нь маш чанга дарсан. Тухайн үед хүүхдээ өрөвдөөд уйлах шахаж байлаа. Гэхдээ яалт ч үгүй эр хүн тиймэрхүү хэцүү үед нулимсаа барьдаг юм байна лээ. Эхнэр хүүхдийнхээ сэтгэлийг үймүүлчих вий гэж тэвчиж байлаа. Гэр бүл маань надад л итгэж байгаа шүү дээ.  Метро дотор байхад юу ч хийж чадахгүй, пуужингийн өөдөөс яаж ч чадахгүй. Хэзээ үхэх бол доо гэж л бодож өдөр хоног өнгөрсөн дөө.  

-Метроноос гадагш гарахад нөхцөл байдал ямар байсан бэ. Дайралтаас өмнө хүмүүсийн амьдрал хэвийн өрнөж байсан шүү дээ. Хэдхэн өдрийн дотор амьдарч байсан гудамж, хороолол тань орвонгоороо өөрчлөгдсөнийг хараад цочирдсон байх?  

-Яг дөрөв дэх хоног дээр том хүүхэд маань гадагш гаръя гээд болдоггүй. Тавхан минут агаар амьсгалуулъя гэж бодон метроноос гарсан. Хүүхдээ мөрөн дээрээ суулгаад гартал газар пуужингийн хонгионууд зоогдчихсон, метроны хажууханд нас барсан хүмүүсийн цогцсыг цагаан даавуугаар бүтээчихсэн байсан. Хүүхдээ буруу тийш нь харуулаад цааш явтал хэсэг Украин залуус 70 ширхэг пуужин харвадаг “Катюша” гээд машины өөр загварыг цэнэглээд зогсож байсан. Бушуухан шиг л цаашаа явтал нэг “Соната-6” брожур дээр тэгнээд зогсчихсон байсан юм. Сонирхоод очтол нэлээн шүршүүлчихсэн, хойд талынх нь цонх битүү цусанд будагдсан байдалтай. Теньтэй цонхоор нь хартал дотор нь хүн үхчихсэн байсан. Хараад л буцаад гүйчихсэн. Тийм зүйл харахаар үнэхээр цочирддог юм байна лээ. Хоёр дахь удаа гартал “Боинг”-оос том онгоцууд орон сууцны байруудаас нэг их холгүй, маш ойрхон зайд нисэж байсан. Тэгээд л хүмүүс гүйлгээд ороход араас нь бөмбөгдөөд л өнгөрч байгаа юм. 

-Та Харьковт байхдаа инстаграмм хуудастаа “Оросын арми энгийн иргэд рүү дайрахгүй гэсэн амлалт өгсөн. Энэ худал шүү” гэсэн агуулгатай стори хийсэн байсан?

-Тийм ээ. Ер нь Оросын мэдээллийн сувгуудаар ташаа мэдээлэл их явж байгаа. Энгийн ард, иргэд рүү дайрахгүй гэсэн ч хайр, найргүй гал нээж байна. Хүмүүсийг зүгээр л алж байна. Гэрийг нь бөмбөгдөж байна.

- ПОЛЬШИЙН ХИЛ ДАВАХ ҮЕД МАШ ТОМ НУУР ХАРААД Л СЭТГЭЛ ТАЙВШИРСАН -

-Польш руу эсэн мэнд нэвтэрсэн гэсэн мэдээг сонсоод бид үнэхээр баярлаж байлаа. Польш руу хэрхэн явсан бэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Метронд  байсан тав дахь өдөр Монгол оюутнууд маань залгаад Харьковоос Львов руу явах вагон олчихлоо гэсэн. Над руу залгаад “Тань руу такси явуулах уу, эсвэл өөрийнхөө машинаар ирэх үү” гэсэн. Миний хувьд аль зам аюулгүй гэдгийг мэдэхгүй. Тиймээс таксигаар явъя гэж шийдсэн. Гэтэл эхнэр маань “хоёр хүүхдээ пуужинд өртүүлчихвэл яах болж байна. Хоёулаа үхчихвэл хүүхдүүд маань яах болж байгаа юм” гэж уйлж эхэлсэн. Удалгүй Львовт амьдардаг н.Энхзаяа гэдэг эгч эхнэр рүү маань залгаад “Харьковын вокзалын захиралтай ярьчихлаа, чам руу машин явуулна, ойрын 2 цаг нам гүн аюулгүй” гэдгийг хэлж ойлгуулсан. Эхнэр маань ч тайвширч бид явахаар болсон доо.

-Вокзал дээр очиход ямар нөхцөл байдал угтав. Дайн эхэлсний дараа Украинаас маш олон хүн дүрвэж эхэлсэн. Воганууд маш ачаалалтай байгаа талаар хүмүүс хэлж байсан шүү дээ?

-Вокзалд очиход маш их хүнтэй байсан ч хүүхэдтэй хүмүүсийг шууд оруулсан. Галт тэрэгний купенууд бүгд дүүрчихсэн. Би хаалга болгоныг онгойлгоод “манай эхнэр,  хүүхдүүдийг оруулаач гэж гуйсан. “Би гадаа зогсчихъё. Манай эхнэр хүүхдүүдийг л оруулчих” гэж яг л гуйлгачин шиг гуйж явсан. Гэтэл хоёр эгч биднийг дуудаж оруулсан.

-Дайны бүсээс холдоод яг хэзээ бүтэн амьсгаа авч, “одоо нэг аюулгүй боллоо доо” гэсэн мэдрэмж төрсөн бэ?

-Вагонд суусан ч яг Киевийн хажуугаар өнгөрч байхдаа нэлээн айдастай байсан л даа. Тухайн үед Киев рүү дайрч байсан учраас вагон бөмбөгдөлтөд өртчих вий гэж л битүүхэндээ айж байлаа. Тэгж явсаар Львовт очиход л аюулгүй мэдрэмж төрсөн. Тэнд ямар ч буун дуу, дэлбэрэлт байгаагүй. Львовоос н.Энхзаяа эгч, Украин улсад суух Монголын өргөмжит Консул Эдуард хоёр тосож авсан. Монгол оюутнууд маань н.Энхзаяа эгчтэй, манай гэр бүл Эдуардтай хамт явсан. Хэдэн хоног метронд хувцастайгаа, хальт л зүүрмэглэж унтдаг байсан бол Эдуард консулын гэрт очоод орон дээр унтахад үнэхээр сайхан мэдрэмж төрсөн. Маргааш нь Эдуард болон н.Энхзаяа эгч маань биднийг хилийн наана хүргэж өгөхөд араас манай консулууд том, том микро шиг бензтэй ирцгээсэн.

Монголын далбааг машин дээрээ хадчихсан. Монголынхоо далбаа, монгол эрчүүдээ хараад л шар үс босоод явчихсан. Нүдэнд нулимс цийлэгнээд л. Яг тухайн үед улсаараа маш их бахархсан. Яг л аврал ирж байгаа юм шиг санагдсан. Дайны шокоосоо гараагүй, нулимс ойрхон ирчхээд уйлах гээд л.

Польшийн хил давахад маш том нуур хараад л сэтгэл тайвширсан. Варшавт очиход Монгол, болон Польшийн элчин сайдын яамны ажилчид, консул Түвшин нар тосож авсан. Биднийг маш гоё цэвэрхэн буудалд оруулж, хоол ундаар дайлсан. Польш дахь Монголчууд үнэхээр гоё найрсаг хүмүүс байдаг юм байна лээ. Мөн Польш дахь Монголчуудын холбоо, Оюутнуудын холбоо зохион байгуулалт хийн Австрали дахь Монголчуудын холбоо руу хүртэл ярин мөнгө цуглуулж, бид нар дотуур хувцаснаас эхлээд бүх зүйлсээр тусалсан. Бид нар очихдоо яг өмссөн хувцастайгаа очиж байгаа шүү дээ. Сольж өмсөх оймс, дотуур хувцас ч үгүй.

-ЭХНЭР МААНЬ МОНГОЛ УЛСААР МАШ ИХ БАХАРХАЖ БАЙГАА-

-Эх орондоо ирэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Польшид очоод бүх юм сайхан боллоо гэж бодож байтал эмээ маань өөд болчихсон. Яг тухайн үед манай гэр бүл, үр хүүхдүүдийг маань авраад оронд минь явчихлаа даа гэсэн бодол төрж үнэхээр хэцүү байсан. Гэхдээ олон хүн ирээд сатаарч, сэтгэл санаа арай дээрдсэн. Тэндээ дөрөв хоноод Польшоос Стамбул, Стамбулаас Монголдоо ирсэн. Эх орондоо иртэл яагаад ч юм өмнө нь хэзээ ч авч байгаагүй мэдрэмж төрсөн. Найзууд, гэрийнхэн маань тосож, үнэхээр сайхан байсан.

-Та дайны шок хэсэгтээ арилаагүй гэж ярьсан шүү дээ?

-Тийм ээ. Одоо гэрийн хаалга хүчтэйхэн хаагдахад л эхнэр бид хоёр сэрээд, цочиж сэрж байх жишээний. Гадаа төмөр нүдэх чимээ гарахад л унтаж байгаад шууд босоод хувцсаа хайх гэх мэт. Бүр шоконд орчихсон.

-Эхнэрийн тань гэр бүл Украинд үлдсэн үү. Одоо нөхцөл байдал ямар байгаа бол?

-Тийм ээ. Эхнэрийн маань ээж, эмээ өвөө бүгд үлдсэн. Одоо хотын төв хэсэгт байдал намжсан ч гэсэн зах хэсгүүдээр бөмбөгдөлт үргэлжилсээр байгаа. Пуужин гэдэг чинь пуужин л шүү дээ. Хэзээ ч хаанаас бол хаанаас ороод ирнэ. Эхнэр маань өдөр болгон ээжтэйгээ холбогдож, ярьж байгаа. Эх орныхоо байдал, өссөн төрсөн газар нь сөнөж байгааг хараад уйлаад л. Ээж нь цаанаас нь ярьж уйлаад л. Амьдын хагацал гэдэг ийм л байдаг юм байна. Бид нар одоо арай гайгүй тайвширч байна. Эхнэр маань Монгол Улсаар маш их бахархаж байгаа. “Ямар гоё юм бэ. Гадаадын иргэн байсан ч гэсэн хүний эхнэрийг хүн шиг үзээд нутагтаа аваад ирлээ” гэж маш их талархаж байгаа. Ямар мундаг улс вэ гээд л. Би ч мөн адил улсаараа маш их бахархаж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.