ВИДЕО: Эхээсээ төөрсөн хавтгайн ботго “Цэрэг ээж”-тэй болжээ

ВИДЕО: Эхээсээ төөрсөн хавтгайн ботго “Цэрэг ээж”-тэй болжээ

Эхээсээ төөрсөн хавтгайн нялх ботго хилийн манаанд зогсож байсан цэргийг бараадан иржээ. Ботгоны эхийг хайсан ч олдоогүй учир түүнийг чононы хоол болгохгүйн тулд Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0166 дугаар ангийнхан өөрийн байранд авчирч угжиж эхэлжээ. Тус анги  Говийн их дархан цаазат газрын А хэсгийг” хамгаалдаг учир Улаан номонд орсон нэн ховор амьтан болох Хавтгайн ботгыг цэргийн ангийнхан гаршуулж, тэмээтэй ижилсүүлэхгүйгээр тэжээж байгальд нь тавихаар ажиллаж байгаа юм. Энэ талаар бид Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Захирагчийн орлогч Сэтгэл зүйн хангалтын дарга Дэд хурандаа Н.Гансүхтэй ярилцлаа.

ВИДЕО: 

-Эхээсээ төөрсөн хавтгайн ботгоны талаарх мэдээлэл гарсан. Та энэ талаар жаахан тодруулаач?

-Манай ангийн алба хаагчийг хил дээр үүргээ гүйцэтгэж байхад нь эхээсээ төөрсөн хавтгайн ботго хүрээд ирсэн гэсэн. Ботго цэргийг салахгүй дагаад байж, Тиймээс тухайн алба хаагч ботгоны эхийг тухайн газраар / Говийн их дархан цаазат газрын А бүс / хайсан ч олоогүй байна лээ. Тухайн газар нь өвс ургамал муутай, тал газар бөгөөд чоно элбэг байдаг болохоор ганцааранг нь хээр хаяалгүй ангидаа мэдэгдэж, бид автомашинаар тээвэрлэж авчирсан.

-Хавтгайн ботгоо нь саяхан төрсөн юм шиг харагдаж байсан. Ботгыг олоод хэд хонож байгаа вэ. Ойролцоогоор хэд хоногтой гэж та бүхэн харж байгаа вэ?

-Манай ангид ирээд гурав хонож байгаа, 10-аад хонож байгаа нялх ботго гэж таамаглаж байгаа.

-Та бүхэн ботгоо юугаар хооллож байгаа вэ. Идээшиж байна уу?

-Хавтгайн ботгоо нэг цэрэгт хариуцуулж өгсөн. Тэр цэрэгт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын мал эмнэлэгийн малын эмнэлэгийн газар болон  нар зөвлөгөө өгсөн. Ботгоо ингэний сүү болон үйлдвэрийнсүүг шингэлээд хүүхдийн кашш болон элсэн чихэр холиод угжиж байгаа.

-Өдөрт хэдэн удаа хооллодог вэ. Сүүгээ хэр дуртай ууж байна?

-Өдөрт хоёроос гурван цагийн зайтай хооллодог. Эхэндээ угжиндаа дасахгүй л байсан. Одоо дуртай ууж байгаа.  

-Ботгоо эхтэй болгох гэж үзсэн үү. Тэмээтэй нэг төрлийн амьтан болохоор авахуулах боломж байсан болов уу?

-Хавтгай нь өөрөө нэн ховор, зэрлэг амьтан болохоор бид гаршуулахыг зорихгүй байгаа. Хэрэв ингэнд шууд хөхүүлээд байвал зэрлэг байдлаа алдах юм. Өвс тэжээл идээд биеэ дааж, амьдрах боломжтой болохоор нь онгон байгальд нь тавина. Монгол Улсад нэн ховордсон Хавтгай багасаж байгаа шалтгааны нэг нь шинээр төрсөн төлийн 70 хувь нь чононд бариулдаг учраас ботгыг гаршуулахгүй тэжээж байгальд нь тавих үйл ажиллагааг холбогдох албаныхан явуулдаг. Бид хил хамгаалахаас гадна энэ хэсэгт хамаардаг Говийн А бүсийн дархан цаазат газрыг давхар хамгаалдаг.

-Ботго нь одоо хаана байрлаж байгаа бол?

-Анх авч ирсний дараа цэргүүдтэй хамт цэргийн байранд байсан. Байр шал, хана нь хатуу учир орчин нь таарахгүй. Тиймээс Монгол гэр барьж элс, өвс дэвсэж тэжээхээр болсон. Өнөөдөр гэр нь бэлэн болоод ботго маань гэртээ ороод байгаа. Байранд хоноглож байх үедээ Цэргүүдтэй найзлаад нөгөөдүүл нь өхөөрдөж эрхлүүлээд /инээв/.  Шөнө болохоор эхийнхээ хөхийг хайгаад байгаа бололтой цэргүүдийн чих, гарыг хөхөх гэж оролддог байсан.

-Ботгондоо нэр өгсөн болов уу?

-Нэртэй болгох талаар бодож л байгаа, одоохондоо тамир тэнхээ муу байгаа учраас эхлээд ямартай ч сайн тэжээж, тамир оруулахыг зорьж байна даа.