В.Путин: Барууныхан манай улсад заналхийлж, халдан довтлохоор бэлтгэж байна

В.Путин: Барууныхан манай улсад заналхийлж, халдан довтлохоор бэлтгэж байна

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын цэргийн парад үргэлжилж байна. Дөнгөж сая тус улсын ерөнхийлөгч В.Путин үг хэллээ.

Энэ үеэр тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацист Германы эсрэг хийсэн улс орныхоо тэмцлийг одоо Украинд хийж буй дайралттайгаа холбон тайлбарлажээ. Тодруулбал, В.Путин “Барууныхан манай хилийн дэргэд заналхийлж, манай газар нутаг руу халдан довтлохоор бэлтгэж байгаа тул Украины асуудалд хөндлөнгөөс оролцох нь зайлшгүй шаардлагатай зүйл байсан.

Барууны орнууд яриа хэлэлцээ хийх, Оросын саналыг сонсохыг хүсэхгүй байна. НАТО-ийн орнууд биднийг сонсохыг хүсэхгүй байна. Тэд анхнаасаа тэс өөр төлөвлөгөөтэй байсан. Бид үүнийг тод харж байна. Тиймээс Орос түрэмгийллийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан” гэжээ.

Мөн тэрбээр цэргүүдэд хандан “Өнөөдөр та нар өвөө, элэнц өвөг дээдсийнхээ хамгаалахаар тэмцэж байсан зүйлийн төлөө энд зогсож байна” хэмээгээд Донбассын цэргүүдэд тусгайлан “Донбасс 2014 оноос хойш Украины Оростой хийсэн мөргөлдөөний тэргүүн эгнээнд байсаар ирсэн. Та нар дэлхийн хоёрдугаар дайны сургамжийг мартахгүйн тулд эх орон, ирээдүйнхээ төлөө тэмцэж байна” гэжээ. Үүний дараа Оросын төлөөх тэмцэлд амь үрэгдсэн цэрэг эрсэд хүндэтгэл үзүүлж, хэсэг дуугүй зогссон байна.

Эх сурвалж: CNN