Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Туркийн хамгийн том хот болох Истанбулд байгалийн гамшиг хоёр дахь өдрөө үргэлжилж, 1 300 орчим байшин усанд автжээ. Мөн явган хүний гарцууд усанд автаж, ачаалал ихтэй цагуудад авто замын түгжрэл 89 хувьд хүрсэн байна. Истамбул хотын захирагч Давут Гюлийн мэдээлснээр, сүүлийн 84 жилд ийм их хэмжээний бороо ороогүй бөгөөд хотын нэг хавтгай дөрвөлжин метр талбайд 261 мм орчим хур тунадас унажээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас гурван хүн амиа алдсаны дотор 14 настай хүүхэд байжээ. Нийтдээ 2722 хүнийг аварсан бөгөөд заримыг нь завиар, заримыг нь бусад тээврийн хэрэгслээр нүүлгэн шилжүүлжээ. "Одоогоор 14 дүүрэгт аврах ажиллагаа үргэлжилж байна" гэж Гюль хэлсэн байна. Хотын бүх 39 дүүрэгт түр хоргодох байр шаардлагатай болсон иргэдийг төрийн мэдлийн болон хувийн зочид буудлууд, нийгмийн үйлчилгээний байгууллагуудад байрлуулжээ. Тэднийг Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг хоол хүнсээр хангаж байна.

Аврах ажиллагаанд 8597 алба хаагч оролцож байгаа бол туслах хүчний бүрэлдэхүүнд 38 мянган хүнийг дайчилсан байна. Мөн тусгай бригадууд сургуулиудад ажиллаж байгаа бөгөөд тэд цахилгааны гэмтэл гарсан эсэх, байгалийн гамшгаас үүдсэн бусад эрсдэлүүдийг шалгаж байгаа аж. Төрийн байгууллагуудад ажилладаг жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд захиргааны чөлөө олгожээ. Туркийн Цаг уурын ерөнхий газраас 81 мужийн 48-д нь цаг агаарын аюулт үзэгдлийн шар түвшний сэрэмжлүүлэг зарласан байна. Тус улсын ихэнх нутагт ширүүн бороо орж, салхины хурд секундэд 22 метр буюу цагт 80 км-т хүрэх төлөвтэй байгаа аж.