С.Одонтуяа: Гадаад болон дотоод орчны зайлшгүй шаардлагаар УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог системээр явуулах ёстой

С.Одонтуяа: Гадаад болон дотоод орчны зайлшгүй шаардлагаар УИХ-ын гишүүдийн тоог нэмж, сонгуулийг холимог системээр явуулах ёстой

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд гаргасан. Тэд хаврын чуулганы хугацаанд багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандахын зэрэгцээ Сүхбаатарын талбайд жагсаал хийж, 21 аймагт аян өрнүүлээд байна.

Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй.  Хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний өчигдрийн мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох.
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.

Бид энэ агуулгын хүрээнд судлаачид болон улс төрчдийн байр, суурийг сонсож цувралаар хүргэж байгаа. Энэ удаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа уригдаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцав. Түүний хувьд том эрх, ашгаа бодож сонгуулийн тогтолцоог өөрчлөх, гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэх байр, суурийг илэрхийллээ.

ВИДЕО:

-ЭДИЙН ЗАСАГ МАШ АЮУЛТАЙ ТҮВШИНД ОЧСОН ГЭДГИЙГ ДАХИН, ДАХИН ХЭЛЬЕ-

Тодруулбал тэрбээр “Энгийн биш ноцтой, тулгамдсан хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол улсын дотоодын нөхцөл байдлаас гадна олон улсын байдал хүндэрсэн. Хөрш хоёр улс хилээ нээхгүй байна. Эдийн засаг хамгийн хүнд үе рүү гээ орлоо. Эдийн засаг агшиж байхад инфляци хурдтай нэмэгдэх нь маш аюултай. Манай улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал маш хүндэрч буй учраас бид цаашид ирэх аюулаас сэргийлэх ёстой. Ямар асуудал байна вэ гэхээр нэг нам хэт олонх байхаар буруу шийдвэрүүд л гардаг. Парламентын шүүлтүүр, мэтгэлцээн, зөвшилцөлгүйгээр намирсан, урсгалаараа явсан байдалтай боллоо. Учир нь МАН бүлгээрээ шийддэг. Ингэхдээ сөрөг хүчнээ сонсдоггүй. Жишээ хэлэхэд, ковидын үед эдийн засгийн бүхий л эрх мэдлээ Засгийн газартаа өгсөн.

Авлигын индексээрээ арай хийж 38 оноо авч байсан бол сүүлийн жилүүдэд ухарч 35 руу орсон. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Дотоодын нөхцөл байдал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахы шаардаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал аюултай түвшинд очсон гэдгийг дахин дахин хэлье.

Хоёрдугаарт, гадаад нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. НҮБ болон хамтын ажиллагааны байгууллагатай олон  жил харьцаж ирсэн жишиг чинь тэс өөр болчихлоо. Тэгэхээр бид үүнд дүгнэлт хийж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөрөө хүчтэй парламентын засаглалтай орон гэдгээ харуулах ёстой” гэсэн юм.

Хүчтэй парламенттай болох асуудлаар тэрбээр үргэлжлүүлэн ярихдаа “ Одоогийн 76 гишүүний дийлэнх буюу 65 МАН-ынх. Үүний 38 гишүүн нь байхад 50 хувь бүрдээд хурал эхэлж байна. Харин үүний 20 гишүүн нь байхад хуулийг баталж байна. Бүр цаашилбал энэ 20 гишүүний тэн хагас нь хүн дагаж кноп дардаг гэдэгт би итгэлтэй байгаа юм. Тэд “Намын бүлэг, Засгийн газраас шийдсэн юм чинь яахав” гэдэг. Учир нь би өөрөө дотор нь байгаа учраас мэднэ. Энэ байдал нь парламентын хүчтэй ардчилалтай орон болохыг шаардаж буй нэг илрэл юм.

Өөрөөр хэлбэл, олуулаа шийдвэр гаргах ёстой. Бидний үнэ цэнэ бол олуулаа ярьж, парламентаараа шийддэгт байгаа юм. Гишүүдийн тоог нэмэх нь гадаад нөхцөл байдалтай шууд уялдаатай. Хоёр сая хүнд тооцож 76 гишүүний тоог тогтоосон. Харин одоо хүн ам 3.3 сая болсон. Тэгэхээр гишүүдийн тоо чухал.

Би УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих гээд Ерөнхий сайдад санал хүргүүлсэн. Хариу ирүүлээгүй учраас дахин шаардлага хүргүүлсэн. Өмнө нь УИХ алдаатай шийдвэр гаргаж байсан гэдгийг нь хүлээн зөвшөөрүүлэх гээд байгаа юм. 2012 оны сонгуулийн өмнө Цэцээс 02 дугаар дүгнэлтийг гаргаж ХОЛИМОГ системээр сонгууль явуулж болно гэсэн. Их суудлаараа хэлэлцэж ингэж шийдсэн байдаг. Их суудлын шийдвэр бол эцсийнх байх ёстой. Энэ шийдвэрээр 2012 оны сонгууль явагдсан. Энэ шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр явж байгаа. Гэтэл 2016 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэцийн Их биш дунд суудлын хуралдаанаар сонгуулийн тогтолцоог өөрчилж түүнийг УИХ хүлээж авсан. Сонгууль бүрээр Цэц нь хувирдаг байж болохгүй. Тэгэхээр үүнийг эцэслэх ёстой” гэлээ.