Азовсталь үйлдвэрт хоёр сарын турш гацсан цэргүүд болон 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Азовсталь үйлдвэрт хоёр сарын турш гацсан цэргүүд болон 200 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоёр сар гаруй хугацаанд гацсан цэрэг болон иргэдийг өнгөрсөн шөнө нүүлгэн шилжүүлсэн гэж Украины албаныхан мэдээллээ.

Тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар хүнд шархадсан 53 цэргийг Оросын дэмжлэгтэй босогчдын мэдэлд байгаа Новоазовск хотод аваачсан гэжээ. Мөн 211 энгийн иргэнийг хүмүүнлэгийн коридороор Оленовка руу нүүлгэн шилжүүлсэн байна. Оленовка нь босогчдын хяналтад байдаг хот юм.

Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааг “Ройтерс” тэргүүтэй хэвлэлүүд шууд дамжуулсан байна. Мөн Оросын төрийн хэвлэлүүд Азовсталаас нүүлгэн шилжүүлж буй Украины шархадсан цэргүүдийн бичлэгийг цацжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шөнө дунд мэдэгдэл хийж, “нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Украины зэвсэгт хүчин, тагнуулын болон хэлэлцээрийн баг,  Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ оролцсон” талаар ярьсан байна.

Эх сурвалж: BBC