ОХУ-ын хурандаа Михаил Ходаренок: Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч дэлхий нийт бидний эсрэг байна

ОХУ-ын хурандаа Михаил Ходаренок: Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч дэлхий нийт бидний эсрэг байна

Оросын төрийн телевизээр өдөр бүр Украины дайны талаар “60 минут” нэвтрүүлэг цацдаг. Уг нэвтрүүлгээр Украины нөхцөл байдлын талаар барууны орнуудаас тэс өөр байр суурь, үзэл суртлыг дамжуулдаг.

Тухайлбал, барууны орнууд “Орос Украин руу эхэлж түрэмгийлсэн, энэ бол дайн” гэж тайлбарлаж байгаа бол тус нэвтрүүлэгт оролцогчид “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэн, В.Путины шийдвэрийг зөвтгөдөг байна.

Тэгвэл нэвтрүүлгийн Даваа гараг/2022.05.17/-ийн оройн дугаарт уригдсан зочин цэргийн шинжээч, чөлөөнд гарсан хурандаа Михаил Ходаренок тэс өөр байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Украин барууны орнуудаас цэргийн нэмэлт тусламж авч байгаа тул Оросын хувьд нөхцөл байдал улам дордох нь тодорхой. Украины арми нэг сая хүнийг ч зэвсэглэж чадна” гэжээ. Мөн тэрбээр “Цэрэг, улс төрийн нөхцөл байдлын хамгийн том асуудал бол бид улс төрийн бүрэн тусгаарлагдмал байдалд байгаа юм. Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч дэлхий нийт бидний эсрэг байна. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Бидний эсрэг 42 орны эвсэл зогсож байхад нөхцөл байдлыг хэвийн гэж үзээд байж болохгүй” гэжээ.

ОХУ Украин руу довтлохоос өмнө хоёрдугаар сард Михаил Ходаренок “Орос Украины эсрэг дайнд тийм ч амархан ялахгүй” гэж шүүмжилж байжээ. Харин өчигдөр орсон нэвтрүүлэгт тэрбээр ийм байр суурь илэрхийлснээрээ Украинд дайн эхэлснээс хойш ОХУ-ын төрийн баримталж буй бодлогын талаар төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсэн анхны хүн болж байна.

Эх сурвалж: BBC