"Зүүн бүс харанхуй, тог, дулаангүй болох аюул нүүрлээд байна"

"Зүүн бүс харанхуй, тог, дулаангүй болох аюул нүүрлээд байна"

Дорнодын “Адуунчулуун” уурхайн уурхайчдын төлөөлөл, Үйлдвэрчний эвлэлийн гишүүд өнөөдөр /2022.05.18/  мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Адуунчулуун ХХК уул уурхайн салбарын 100 жилийн түүхэнд Налайхын дараа ордог, 67 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Дорнод бүсийн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанид эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. Зүүн бүсдээ ахуйн хэрэглэгчдэд дулааны нүүрс нийлүүлэн ажилладаг.

Эрчим хүчний зохицуулах хорооноос манай борлуулж буй 1 тонн нүүрсний үнийг 2014 оноос 12600 төгрөгөөр тогтоосон. Тухайн үед энэ нь түлш, шатахуун, сэлбэгээ таслахгүй цалингаа тавиад болдог байсан. Гэтэл 2022 он хүртэл буюу найман жилийн хугацаанд энэ үнээрээ борлуулсаар л байна. Хөрсөө хуулж, нүүрсээ нээж олборлож, станцад өгөхдөө 1 тонныг 12600 төгрөгөөр өгч байгаа.

Харин одоогийн цаг үед энэ мөнгөөр нэг таваг хоол авахад хүрэхгүй болсон. Ийм хямд үнээр бид борлуулж байна. Үүнээс үүдэх алдагдал, цалингаа нэмж чадахгүй, компани санхүүгийн хүнд байдалд байгааг ажилчид үүрч байна.

Сүүлийн дөрвөн жилд манай компани энэ мөнгөн дүнг өсгөх хэрэгтэй гэх албан шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа гаргасан. Энэ асуудлыг шийдээгүйгээс манай компани 2.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.

1 тонн нүүрсийг бид 17352 төгрөгийн өртгөөр олборлоод 12600 төгрөгөөр зарж байна. Зүүн бүсээ эрчим хүчээр таслахгүй байхын тулд бид 1 тонн нүүрс тутмаас 4752 төгрөгийн алдагдал хүлээн ажиллаж байна.

Тиймээс манай компани ажилтнуудынхаа нийгмийн асуудал, сэлбэг, материалаа ч авч чадахгүй нөхцөлд хүрсэн. Нэг л өдөр зүүн бүс харанхуй, тог, дулаангүй болох аюул нүүрлээд байна.

Сүүлд нүүрсний үнэ нэмснээс хойш

  • Шатах туслах материалын үнэ 54 хувиар өссөн
  • НДШ, Банкны зээл зэрэг 600 гаруй сая төгрөгийн зээлтэй.

Манай компанийн ард 1160 гаруй хувьцаа эзэмшигч бий. Бид ногдол ашиг хуваарилж чаддаггүй. Нэг уурхайчны ард дунджаар 3-5 гишүүнтэй гэр бүл нь бий. Бид цалингийн төлөө биш компанийн төлөө л ажиллаж байна. Ажилчдын хүний нөөц тогтворгүй байдалд орсон.

Тиймээс 1 тонн нүүрсийг 20000 төгрөгөөр борлуулах боломжийг олгохыг шаардаж байна” гэв.




Өнөөдөр луу өдөр

11 цагийн өмнө