В.Путины бие муудаж эмч нараар хүрээлүүлж тогтмол завсарлага авч буй нь Оросын удирдлага муудаж байгаа талаар Их Британийн тагнуулч асан Кристофер Стил мэдэгдлээ.
Тэрбээр, “Ерөнхийлөгч Владимир Путин эмчилгээгээ хийлгэхийн тулд тогтмол завсарлага авах шаардлагатай болсноор Кремльд эмх замбараагүй байдал улам бүр нэмэгдсээр байна. Түүний өвчлөл нэлээн нэмэгдсэн бөгөөд Путинаас хамаарах улс төрийн тодорхой удирдлага байхгүй, цэргийн командын бүтэц гэх мэт үйл ажиллагаа явуулах ёстой шигээ ажиллахгүй байгаа. Үүнд нэлээн итгэлтэй байна” гэжээ.
Харин энэ талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков удаа дараа няцаасаар байгаа юм.
Мөн тагнуулч Стил “Бидний маш сайн мэдэж байгаагаар түүнийг эмч нарын баг байнга дагалдаж явдаг. Хэрэв итгэхгүй бол телевизээр гардаг засгийн газрын хуралдааныг хэсэг хэсгээр нь зогоож харвал Путин гадагш гарч, тогтмол эмчилгээ хийлгэж байгааг анзаарах болно. Одоогийн байдлаар энэ нь Оросын засаглалд маш ноцтой нөлөө үзүүлж байна" гэв. Их Британийн тагнуулч асан Кристофер Стилийн хувьд тэрбээр Орост олон жил ажиллахын зэрэгцээ тагнуулын агентлагийн Орос дахь салбарыг гурван жил удирдсан нэгэн юм.
Эх сурвалж: businessinsider