О.Амартүвшин: Хөгжлийн томоохон төслүүдэд ТОП-100 аж ахуйн нэгжийг оролцуулахыг Засгийн газарт уриалж байна

О.Амартүвшин: Хөгжлийн томоохон төслүүдэд ТОП-100 аж ахуйн нэгжийг оролцуулахыг Засгийн газарт уриалж байна

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.

"ТОП-100" ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурлан эрэмбэлдэг.

2021 оны "ТОП 100 ААН"-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП 100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрснийг МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин онцлов.

Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын болон манай улсын эдийн засагт ихээхэн хохирол, сөрөг нөлөөлөл учирч дотоод, гадаад худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ олон улсын тээвэр логистик  нийлүүлэлтийн сүлжээ саатаж, манай бизнес эрхлэгчдийн хувьд амаргүй хүнд жилүүд өнгөрлөө. Гэсэн хэдий ч ТОП-100 аж ахуйн нэгжүүд та бүхний ажлын байрыг хадгалж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг хийж, баялаг бүтээн үйл ажиллагаагаа тасалдуулалгүй улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, нэлээд хүнд сорилыг бид хамтдаа даван туулж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд дотодын бизнес эрхлэгчид, ТОП-100 аж ахуйн нэгжийг оролцуулах, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох төрийн бодлого шийдвэрийг тогтвортой хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт уриалж байна. Танхимын зүгээс санхүүгийн зохицуулах хороотой нягт хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд бизнес эрхлэгчдийн санхүүгийн зах зээл, ялангуяа хөрөнгийн зах зээл эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд ихээхэн анхаарч, үүний хүрээнд ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд бонд гаргахад бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаар болж байгаа сайхан мэдээ байна. Монгол Улсын 2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжид өргөмжлөгдсөн баялаг бүтээгчид та бүхний бизнесийн үйл ажиллагаа улам өргөжин тэлэхийг хүсэн ерөөж, өндөр амжилт хүсье” гэсэн юм.

ҮЗЭХ: