БАРИМТ: Старлинк манайхаас "интернэтийн урсгал түрээсэлж, зөвхөн дамжуулах" тушаалд Л.Энх-Амгалан сайд зуржээ

БАРИМТ: Старлинк манайхаас "интернэтийн урсгал түрээсэлж, зөвхөн дамжуулах" тушаалд Л.Энх-Амгалан сайд зуржээ

Дэлхийн алдарт бизнесмен, SpaceX, Tesla Motors зэрэг компанийг үүсгэн байгуулагч Элон Маскын “Дэлхийд интернэтийн сүлжээний хувьсгал авч ирнэ” гэж буй “Старлинк”-ын салбар компани энэ оны гуравдугаар сар /2022.03.21/-д Монголд байгуулагдсан. Тодруулбал, “Старлинк” нь газраар явдаг шилэн кабел биш, харин сансрын хиймэл дагуулаас интернэтээр хангах үйлчилгээ юм. Үүнийг мэргэжлийнхэн “нам орбитын хиймэл дагуулын сүлжээ” гэж нэрлэдэг.

“Старлинк сервисес монголиа” ХХК Монголд бүртгэгдэв. 2022.03.21

Харин өдгөө манай улсад Жэмнэт, Мобинет, МТ нэтворкс зэрэг цөөн хэдхэн компани шилэн кабел ашиглаж гадаадаас “интернэтийн бөөний урсгал”-ыг Монголд нийлүүлж, бусад нь тэднээс “интернэтийн урсгал” худалдан авч иргэдэд жижиглэнгийн худалдаа хийж байгаа. Харин “Старлинк”-ын интернэт Монголд орж ирснээр хэрэглэгчид интернэтийн гадаад урсгалыг шууд хэрэглэхийн зэрэгцээ, хаанаас ч интернэт хэрэглэж, сүлжээний хувьд ч аюулгүй гэж буй.

-СТАРЛИНК МОНГОЛД САЛБАРАА НЭЭСНЭЭС, ЕРДӨӨ 21 ХОНОГИЙН ДАРАА Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ТУШААЛ ГАРЧЭЭ-

Иймд интернэтийн энэхүү хувьсгалаас Монгол Улс хоцорч болохгүй гэх хүмүүс ч олон байгаа юм. Харин зарим иргэд “Старлинк интернэтийн үйлчилгээ Монголд орж ирэхгүй болсон. Учир нь Монголчууд даргын компаниар дамжихыг шаардсан тул тэд дараагийн улс руугаа явсан” гэх мэдээллийг хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна. Товчхондоо, “Старлинк”-ийн интернэт дамжуулах төхөөрөмж манайд байршсан тохиолдолд иргэд www.starlink.com хаяг руу ороод захиалга өгч, төлбөрөө төлөөд, хүссэн газраа хэрэглэж болно. Үүнд дундын жуулчлагч шаардлагагүй.

Тэгвэл “Старлинк”-ын салбар компани Монголд байгуулагдсанаас ердөө 21 хоногийн дараа /2022.04.11/Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалангийн “тушаал” гарчээ. Тус тушаалд “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсугай гэжээ. Ингээд хэрэгжилтэд хяналт тавихыг З.Гантогоод үүрэг болгосон байна.

Л.Энх-Амгалан сайдын тушаал. 2022.04.11

Харин Л.Энх-амгалан сайдын баталсан тус “тушаал” нь интернэтийн бөөний урсгалын үйлчилгээ эрхлэгч манай дотоодын компаниудын бизнесийг хамгаалж байж болзошгүй, нөгөө талаар интернэт хэрэглэгчдэд тавих хяналтыг алдахгүй байх зорилготой байж магадгүй байна. Тодруулбал, улс хоорондын интернэтийн шилжилт буюу “интернэтийн замчлал”-аа ашиглуулсан төлбөрт Жэмнэт, Мобинет, МТ нэтворкс компаниуд багагүй ашиг олдог гэдэг. Жишээлбэл, энэ нь Хятадаас Оросын веб сайт руу хандахад Монголын шилэн кабелаар дамжихыг хэлж байгаа юм. 

-Л.ЭНХ-АМГАЛАН САЙДЫН ТУШААЛААР СТАРЛИНК ДОТООДЫН КОМПАНИУДААС ИНТЕРНЭТ АВЧ ЗӨВХӨН ДАМЖУУЛАХ АЖЛЫГ ХИЙХ ҮҮ-

Тэгвэл Л.Энх-Амгалан сайдын баталсан “тушаал”-аар “Старлинк”-ын интернэтийг шахаж Монголд оруулахгүй байх зорилготой байж болзошгүй хэд, хэдэн ноцтой заалт оржээ.

Тухайлбал, Л.Энх-Амгалан сайдын А/16 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийн 3.2-д “Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээг зөвхөн дамжуулах сүлжээг зохион байгуулахад ашиглана” гэжээ. Энэ заалтаар бол Старлинк Монголын хэрэглэгчдэд интернэтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд манай дотоодын компаниудаас интернэт авч “зөвхөн дамжуулах” ажлыг хийж магадгүй байна. Товчхондоо, тус тушаалаар Старлинк өөрийн интернэтээ монголын хэрэглэгчдэд өгөхийг зөвшөөрөөгүй байж болзошгүй байна.

“Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”

Мөн 3.4.2-д, “интернэтийн урсгалыг “Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг “Мэдээлэл холбооны сүлжээ” төрлөөр, “Үндэсний сүлжээ (улс хооронд)” хамрах хүрээтэйгээр авсан тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэх” гэж заажээ.

Энэ заалтаар Старлинк манай улсад интернэтийн үйлчилгээ үзүүлэхийн тулд “интернэтийн урсгал”-аа А зөвшөөрөлтэй, “интернэтийн бөөний урсгал”-ыг монголд нийлүүлдэг дотоодын компаниудаас авдаг байхаар зохицуулж байж магадгүй байна.

Харин 3.4.3-д нам орбитын хиймэл дагуулын сүлжээний дамжуулах, чиглүүлэх, хүлээн авах байгууламжийн удирдлага, хяналтын системийг Монгол улсад байршуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж байгаа мэдээллийн урсгалыг энэхүү удирдлага, хяналтын системээр дамжуулах” гэж заажээ. Энэ иргэдийн мэдээллийг хянах зорилготой байж болзошгүй байна. Энэ мэтээр мэргэжлийн үг хэллэгээр иргэдийг төөрөгдүүлсэн “Старлинк”-ын интернэтийг Монголд оруулахгүй байх, цаашлаад зарим компаниудын бизнесийг хамгаалж байж магадгүй байна. Учир нь аймаг, сумыг интернэтээр холбоход шилэн кабел татах зэрэг их хэмжээний мөнгө яригддаг. Мөн орон нутагт бага хурдны интернэтийг өндөр үнээр өгдөг гэх шүүмжлэл ч байдаг. Харин Старлинк орж ирснээр дээрх асуудалд уг нь орхигдох юм.