СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус-30” автомашинтай зорчиж явсан хоёр иргэн шатаж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Приус-30” автомашинтай зорчиж явсан хоёр иргэн шатаж амиа алджээ

Өчигдөр /2022.06.01/ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар суудлын автомашин шатсаны улмаас хоёр иргэн нас баржээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Ар гүнтийн “Богдын-Ам” гэдэг газар /дүүргээс баруун хойд зүгт 20 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т зургадугаар сарын нэгний өдрийн 18:21 цагт хүлээн ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байжээ.

Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн А /27 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "TOYOTA PRIUS-30 тээврийн хэрэгсэлтэй шатаж нас барсан хэргийг шалгаж байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна" гэлээ.