Швейцарт 2 хүний амь аварсан Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл: 12 настай охин "Амь авраач, гэрт 85 настай эмээ байгаа" гэж хэлэх мөчид тэднийг аврая л гэх ганцхан бодол төрсөн

Швейцарт 2 хүний амь аварсан Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл: 12 настай охин "Амь авраач, гэрт 85 настай эмээ байгаа" гэж хэлэх мөчид тэднийг аврая л гэх ганцхан бодол төрсөн

Швейцарын Лозанн хотод амьдарч буй Монгол Улсын иргэн Содномжамцын Бодьгэрэл аравдугаар сарын 2-ны өдөр 13 давхар орон сууцанд гарсан гал түймрийн үеэр 12 настай охин, 85 настай өндөр настны амь насыг аварч, галыг шуурхай унтраан, олон хүнийг болзошгүй аюулаас хамгаалсан бахархалт үйл хэрэг бүтээсэн талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл түүний энэ бахархалт үйл болон тухайн үеийн нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.

ВИДЕО:

- Та юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Содномжамцын Бодьгэрэл гэдэг. Швейцарын Холбооны Улсын Лозанн хотод гэр бүлийн хамт оршин суудаг Монгол Улсын иргэн байгаа юм.

- Та аравдугаар сарын 2-ны өдөр шатаж байсан айлаас 12 настай хүүхэд болон 85 настай өндөр настныг аварсан баатарлаг үйлс бүтээжээ. Тухайн өдөр яг ямар үйл явдал болсон талаар сонирхуулж яриач?

-Тухайн гал түймэр 2026 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 40 минутын орчимд болсон. Тэр өдөр би үдээс хойш ажилтай байсан бөгөөд эхнэртэйгээ хамт гэрээсээ гарахаар бэлдэж байлаа. Гэтэл хаалгыг маш хүчтэй цохих чимээ гарч, хүүхэд уйлах чимээ сонсогдсон юм. Тэгэхээр нь хөрш айлын, манай хүүхдүүдтэй тоглодог хүүхэд тоглож байгаа юм байна гэж бодоод эхнэртээ “Чи очоод хаалгаа нээгээд, цаана нь юу болж байгааг хараач. Нэг хүүхэд уйлах чимээ гарлаа” гэж хэлсэн. Эхнэр маань хаалганы дурангаар хараад юу ч харагдахгүй байна гэсэн. Тэгээд хаалгаа нээж харсан чинь орчин маш их утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Манай давхарт таван айл байдаг юм. Тэгтэл цаад талын хөрш айлын цаанаас хүүхэд уйлах чимээ гараад байхаар нь хамгийн түрүүнд тэр хүүхдийг аваад гаръя гэж бодсон.

Яагаад гэвэл тухайн өдөр ажлын өдөр байсан учраас гэрт үлдсэн хүмүүс нь ихэвчлэн хүүхдүүд, өндөр настнууд байсан. Тэгээд хүүхэд дээр очиж юу болсон, яасан талаар тодруулахад гэртээ байж байгаад гал алдчихлаа, гэрт нь гал гарсан, өөрөө угаартах гээд байна, намайг авраач гэж хэлсэн.

Тэгэхээр нь “Чи намайг дагаад яв. Би энэ хаалгануудыг бүгдийг нь мэднэ. Чамайг энэ утаажилтын бүсээс аюулгүй гаргая” гэж хэлсэн. Тэр үед хажуу талын, манай урд талын айлын 85 настай эмээ бас ухаан алдах гээд утаажилтын бүсэд байна гэсэн мэдээлэл надад өгсөн. Тэгээд 85 настай эмээ болон 12 настай хүүхдийг эхнэртэйгээ хамт утаажилтын бүсээс гаргасан. Бид 13 давхар барилгын дөрөвдүгээр давхарт амьдардаг юм.

Тэднийг аюулгүй бүсэд аваачихад манай 12 настай хүүхэд өөрөө хацар болон гар дээрээ түлэгдсэн байсан.

Эмнэлэгт яаралтай үзүүлж, харуулаарай гэж хэлсэн. Би өөрөө буцаад гал гарч байгаа хэсэг рүүгээ орж, гал түймэр ямар байдалтай байгааг нэг шалгаад ирье гэж бодсон. Хэрэв унтрааж чадахаар байвал унтраачхаад, чадахгүй бол тэнд нь орхиод мэргэжлийн гал унтраах ангийг хүлээе гэсэн ийм дүгнэлтэд хүрээд эхнэртээ хэлээд буцаад орсон байдаг.

- Буцаж ороход нөхцөл байдал ямар байсан бэ?

-Тухайн хөрш айл руу ороход гал түймэр гал тогооны хэсэгтээ тархан дэлгэрсэн, ерөнхийдөө маш их утаажилттай, гал тогооны тавилгууд нь тэр чигтээ шатчихсан байсан. Тэгээд мэргэжлийн гал унтраах анги иртэл тухайн гал түймрийг цааш тархан дэлгэрүүлэхгүйгээр байгаа хэмжээнд нь тогтоон барья гэсэн тактикийн арга хэмжээ авсан. Ер нь Швейцарын стандартаар барилга байгууламжийн давхар бүрд гал унтраах анхан шатны тусламжийн хэрэгслүүд бүгд байдаг. Тэгээд тэндээс гурван гал унтраагуур аваад мөлхөж орж, тухайн галын тархалтыг зогсоосон байдаг.

- Тухайн үед өндөр настан болон хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, галын аюулаас авран хамгаалсан. Буцаад гал гарч байгаа бүс рүү оръё гэдэг бодол яагаад төрсөн юм бол? Тухайн үед айдас, болгоомжлол байсан уу?

-Ер нь бол айдас байсан. Манай эхнэр бас “Яах гэж байгаа юм бэ. Наад руугаа чи ороод яах юм бэ. Гал ус гэдэг чинь маш аюултай зүйл шүү дээ. Мэргэжлийн гал унтраах ангийн хийх ажлыг чи яах гэж хийх гээд байгаа юм бэ” гэж надад хэлж байсан.

Тэгээд “Байж бай. Би ороод шалгаад ирье” гэж бодсон. Гал тархан дэлгэрэх юм бол маш аюултай. Ерөөсөө гал гэдэг чинь секунд тутамд хор хөнөөл учруулдаг шүү дээ. Тийм аюултай зүйл болохоор чадвал унтраая, чадахгүй бол хойшлоод гаръя, тэгээд ирье гэсэн бодолтой буцаж орсон.

-ЭЗЭМШСЭН МЭРГЭЖИЛ МААНЬ ХҮНИЙ НУТАГТ Ч ХЭРЭГ БОЛЖ, 2 ХҮНИЙ АМЬ НАС АВРАН ХАМГААЛСАНДАА МЭРГЭЖЛЭЭРЭЭ БАХАРХСАН-

Швейцарт 2 хүний амь аварсан Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл гэр бүлийн хамт

-Ер нь та галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал унтраагуур ашиглах талаар мэдлэг, туршлагатай байсан уу?

-2009-2013 онд ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Онцгой байдлын ажил эрх зүйн мэргэжлээр төгссөн. Гамшиг судлалын магистрын зэрэгтэй. Өмнө нь 2013-2018 оны хооронд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 30 дугаар ангид ажиллаж байсан. Ерөнхийдөө ийм туршлагатай, зургаан жил орчим ажиллаж, олон гал түймэр унтрааж байсан туршлагатай хүн байгаа юм.

- Тухайн мөчид эзэмшсэн мэргэжил, хийж байсан ажлаараа бахархах сэтгэл төрсөн болов уу?

-Төрөлгүй яах вэ. Яг энэ мэргэжлээрээ мэргэжлээ сонгосондоо маш их баярлаж, бахархсан. Тухайн үед нөхцөл байдлыг нь үнэлээд 85 настай эмээ, 12 настай хүүхдүүдийг утаажилтын бүсээс гаргаад галыг нь унтраасан. Маш их баяртай байсан. Энэ мэргэжлээрээ байнга бахархаж явдаг даа.

-МОНГОЛ УЛСЫНХАА НЭРИЙГ ШВЕЙЦАРТ ГАРГАСАНДАА БАЯРТАЙ БАЙНА-

Швейцарт 2 хүний амь аварсан Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл

-Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд амь насыг нь аварсан иргэд талархал илэрхийлсэн. Үүнийг Монголын ард түмэн өнөөдөр цахим сүлжээгээр талархалтай, бахархалтай хүлээн авч байна?

-Тухайн үед мэргэжлийн гал унтраах ангиуд ирээд, цагдаа, эмнэлгийн ажилчид бүгд ирсэн. Тэгээд тухайн нөхцөл байдлын талаар бүгд протокол хөтөлсөн. Утаажилтын бүсээс хүн аварч, галыг түргэн шуурхай унтраасан тохиолдолд маш их баярлаж байна. Тиймээс таны энэ гавьяаг дээд түвшний байгууллагуудад хүргэнэ гэж хэлсэн. Тэгээд тухайн үйл явц шат дараатайгаар явагдаад Лозанн хотын иргэдийн төлөөлөгч болон онцгой байдлын албаны дарга нь албан ёсоор надад захидлаар талархал илгээсэн. Мөн Швейцарт суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд давхар талархлын захидал илгээсэн. Өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор албан бичгээр очсон байна лээ.

- Монголчууд таныг бахархаж, омогшиж байгаа сэтгэгдлүүд, урмын үгсийг уншаад танд ямар сэтгэгдэл төрж байв?

-Би сая бас ажилтай байсан болохоор сэтгэгдэлүүдийг нь бүгдийг уншиж чадсангүй. Тэгээд ерөнхийдөө халти харахад дандаа л “Баяр хүргэе”, “Мундаг шүү” гэсэн сэтгэгдлүүд байсан. Монгол залуучууд ер нь дэлхийд ийм зүйл хийж чаддаг юм байна гэж бодсон. Дандаа гоё, эерэг сэтгэгдлүүд байсан. Ер нь 99 хувь нь эерэг сэтгэгдэл байсан болохоор маш их баярласан. Энэ мэргэжлийг сонгосон хүний хувьд мэргэжлээ яг хэрэгтэй үед нь гаргаж чадсандаа маш их баярлаж байна. Монгол Улсынхаа нэрийг Швейцарт гаргасандаа баяртай байна.

-Ярилцсанд маш их баярлалаа. Танд амжилт хүсье.

Швейцарт 2 хүний амь аварсан Монгол Улсын иргэн С.Бодьгэрэл