Оюу толгойн ногдол ашгаар цахилгаан станц барьж, Оросын эрчим хүчний хараат байдлаас салъя гэхээр Г.Уянга, М.Нарантуяа-Нара тэргүүтнүүд эсэргүүцэж эхэллээ

Оюу толгойн ногдол ашгаар цахилгаан станц барьж, Оросын эрчим хүчний хараат байдлаас салъя гэхээр Г.Уянга, М.Нарантуяа-Нара тэргүүтнүүд эсэргүүцэж эхэллээ

Монгол Улс “Оюу толгой” компанийн 34 хувийг эзэмшдэг тул үүний ногдол ашиг болох 3 их наяд төгрөг буюу ойролцоогоор 835 сая ам.долларыг 2027 онд авахаар төлөвлөөд байгаа юм. Харин Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашиг “алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын үлгэрээр манай зарим популист улс төрч болон ард түмний нэрийг барьж Оюутолгойн эсэргүүцэгчийн амны сэдэв болоод байна.  

Тодруулбал, тэд магадгүй хар масст таалагдахын тулд “3 их наяд төгрөгийг 3.6 сая ард түмэндээ шууд тарааж өг” хэмээн шаардаж эхлээд байгаа юм. Харин Засгийн газар уг мөнгийг 2027 оны Улсын төсөвт төвлөрүүлж, 2 их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт, нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа.

- ЦАХИЛГААНАА 100 ХУВЬ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭВЭЛ МӨРӨӨДӨЛ БОЛСОН ҮЙЛДВЭР, МЕТРОТОЙ УЛС БОЛНО - 

Монгол Улс цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд ОХУ-аас шууд хамааралтай. Үүний нэг илрэл нь Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртөхөд л манай улс шатахууны хомсдолд орж байх жишээтэй. Шатахууны хамаарлаас гарахын тулд манай улс газрын тосны хайгуулаа эрчимжүүлж, Дорноговь аймагт бүтээн байгуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ ажлыг түргэсгэх шаардлагатай тулгарсан. Гэтэл газрын тосны хайгуулын ажлыг эсэргүүцэж, гацааж байсан хүмүүсийг улс орны эрх ашгийн төлөө гэхээсээ илүүтэй гаднын ашиг сонирхлыг гүйцэлдүүлэгч гэж хардахад хүргэдэг.

Тэгвэл өдгөө ОХУ-ын эрчим хүчний хамаарлаас гарахын тулд Оюу толгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгөөр VI Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлж, арван аймагт дутуу орхигдсон цахилгаан станцын ажлыг гүйцээхээр төлөвлөөд байна. 

Манай олон иргэн Монгол Улсынхаа ирээдүйд санаа зовохдоо, “Үр хүүхэд минь үлдэнэ” гэж санаа алддаг. Тэгвэл Оюутолгой ногдол ашгийн 2 наяд төгрөгөөр бид цахилгаан станц барьж чадвал үр хойчоо бид цахилгааны хамааралгүй, хомсдолгүй улс орныг үлдээнэ гэсэн үг. Нөгөө талаар бид хэрэгцээний цахилгаанаа дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болчихвол мөрөөдөл болсон метро, трамвайтай, үйлдвэртэй болж улс шиг улс болж хөгжих юм. 

 -"МОНГОЛЧУУД ЦАХИЛГААНЫ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ НЬ" ГЭСЭН АЙДАС БАЙЖ МАГАДГҮЙ-

Гэтэл энэ бүх учир шалтгааныг мэддэггүй ч юмуу, эсвэл эх орныхоо бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг ч юмуу "хэсэг бүлэг этгээдүүд” Сүхбаатарын талбайгаас ч, төрийн ордноос ч “Оюутолгой ногдол ашгийг иргэдэд  тарааж өг” хэмээн хашхирах нь ихсээд ирлээ.  

Тодруулбал, “Баялгийн эзэд ард түмний хөдөлгөөн” гэгдэх УИХ-ын гишүүн асан Г.Уянга, сэтгүүлч гэх Б.Отгон, Г.Баасан тэргүүтэй хүмүүс “Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар” Сүхбаатарын талбай дээр жагсаал хийгээд эхэллээ. Тэднээс гадна “Оюу толгой бол луйврын гэрээ, хэзээ ч ногдол ашиг өгөхгүй” гэсэн лоозон барин жагсаал хийж, экспортын замыг нь хаан “жүжиг тоглож” байсан “Эрс шинэчлэл хөдөлгөөн” гээчийн этгээдүүд “Оюу толгойн ногдол ашгийг ард түмэн авах ёстой, үгүй бол УИХ тар” гэхчлэн ард иргэдийг “турхирч” эхэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Иргэд өөрсдийнхөө ногдол ашгаар амьдралынхаа өнөө маргаашийн асуудлыг шийдэж, өр ширээ дарж, юугаа хийх нь иргэдийн асуудал” гэхчлэн ярьж байна. 

Энэ бүхнийг тэдний өөрийнх нь үзэл санаа, үг яриа биш “дээрээс” даалгаж буй тушаал даалгавар ч байж магадгүй гэж хардахад хүргэж байгаа юм. 

Учир нь олон жил гацааж ирсэн Эгийн голын усан цахилгаан станцыг "Оросын талаас зарчмын хувьд дэмжиж байна" гэж протоколд 2 улсын эрдэмтдийн судалгааны баг гарын үсэг зурсан гэсэн мэдээг сайд Ц.Сандаг-Очир цацах нь тэр. Товчхондоо, монголчууд Оюу толгойн ногдол ашгаараа цахилгаан станцаа барьж, эрчим хүчний хамаарлаас гарах нь гэсэн хойд хөршийн болгоомжлол ч байж магадгүй юм.

-БАЯЛАГИЙН ХИШИГ ГЭЖ ТАРААСАН МӨНГӨ ЧИХЭР, АРХИ БОЛООД ДУУСДАГ-

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэд эзэмшдэг учир ашгаас нь өөрт оногдох хувийг хүртэх бүрэн эрхтэй. Харин Оюутолгой ашигтай ажиллаж ногдол ашиг тараахаар бол заавал Баялгийн сандаа хуримтлуулж, УИХ-аар хэлэлцсэний дүнд шийдвэрээ гаргадаг учиртай.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашигтай холбоотой харамсалтай нэг судалгаа байдаг нь ногдол ашиг тараасан өдөр дэлгүүрийн согтууруулах ундаа, чихэрний борлуулалт нэмэгддэг, тэр ч байтугай ногдол ашгийн мөнгө тараасан үед гэмт хэргийн тоо өсдөг гэдэг. 

Харин Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгөөр, нийт 1 их наяд төгрөгийн өртөгтэй гурван үйлдвэр, эсвэл 2000-3000 км засмал зам тавих боломжтой хэмээн эдийн засагч Ч.Хашчулуун ярьсан байгаа юм. Түүнчлэн тэрбээр “Нэг удаа 100 мянган төгрөг өгч байхаар үйлдвэр, аж ахуйн газрыг нь байгуулаад байнгын ажлын байртай, орлоготой байх боломжийг хангах нь ирээдүйд ил” гэсэн юм. Нээрээ ч өнгөрсөн өвөл хүйтэн паартай жиндүү өрөөнд, газан плиткан дээр хоолоо буцалгаад, лааны гэрэлд идэж суусан бид ядаж л цахилгааны хамааралгүй болчихвол мөрөөдөл болсон метро, трамвайтай, үйлдвэртэй улс болж, үр хүүхдэдээ эрчим хүчний хараат биш улс орныг үлдээх юм.