Орос дайнтай, Хятад ковидтой, хил хаалттай энэ үед Дэлгүүрийн лангуу дүүрэн байгаа нь ЗАХ ЗЭЭЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ гавьяа юм шүү

Орос дайнтай, Хятад ковидтой, хил хаалттай энэ үед Дэлгүүрийн лангуу дүүрэн байгаа нь ЗАХ ЗЭЭЛ, ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ гавьяа юм шүү

Орос, Украин дайнаас болж манай хойд хөрш ОХУ олон улсын хоригт орчихсон, тус улсаас манай улсын авдаг 200 төрлийн бүтээгдэхүүний экспортоо хориглочихсон, харин урд хөрш БНХАУ коронавирусийн улмаас дотооддоо хатуу хөл хорио тогтоож, манайхтай хиллэдэг “Ганц мод”, “Эрээн” зэрэг боомтуудаа хаасан байдалтай олон сарыг өнгөрөөж байна.

Харин урд, хойд хил хаалттай, коронавирусийн улмаас бараг 2 жил хөл хорионд байсан Монгол Улс “хүнс, барааны хомстолд орсон зүйл байхгүй, иддэг хоол, өмсдөг хувцас, бусад тансаг хэрэглээний зүйлс нь дэлгүүрийн лангуугаар дүүрэн байгаа нь зах зээлийн тогтолцоо, хувийн хэвшлийнхний гавьяа юм.

-ГАНЦ ЗХУ-ТАЙ ХУДАЛДАА ХИЙДЭГ БАЙСАН МОНГОЛ УЛС 1990 ОНД ДОЛЛАРЫН НӨӨЦГҮЙ УЛМААС “КАРТЫН БАРАА”-НД ШИЛЖИЖ БАЙВ-

Тодруулбал, 1990 оноос өмнө манай улс “захиргаадалтын буюу төвлөрсөн төлөвлөгөөт” эдийн засагтай байсан гэдгийг хүн бүр мэднэ. Энэ үед хувийн өмч гэж байхгүй, бүгд улсынх, иргэд хувиараа аж ахуй эрхлэх нь хориотой байсан үе. Харин гадаад худалдааныхаа 90-95 хувийг Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-тай хийдэг байсан гэдэг.

Хийхдээ тусгай мөнгөний нэгж буюу шилжих рублиэр хийдэг байжээ. Энэ нь гарт барих валют биш бөгөөд төлбөр тооцооны нэгж юм.

Харин 1991 онд ЗХУ задарч, манай улс ч ардчилал нийгэм шилжсэн. Улмаар 1991 оны 20 дугаар тогтоолын дараа Монголын нийгэм, эдийн засгийн амьдрал хүмүүсийн төсөөлснөөс огт өөрөөр эргэсэн гэдэг. Энэ үед цахилгаан, шатахууны хомстол, хоол хүнсний дутагдал үүссэн тул тухайн үеийн Монголын удирдагчид “картын бараа”-ны системийг нэвтрүүлсэн байдаг.  

Учир нь 1991 онд зүүн европын улсууд зах зээлд шилжиж бүх худалдаагаа доллараар хийж эхэлсэн гэдэг. Гэтэл энэ үед манай улс долларын нөөцгүй байсан тул гадаадаас бараа авах боломжгүй болж гэнэт хүнс, барааны хомстолд орсон тул “байгаа жаахан хүнсээ” тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд “картын бараа”-ны системийг зохиосон байдаг. Энэ бол дайны үед хэрэглэдэг арга ч гэдэг.

-ХҮНС, БАРААНЫ ХАНГАМЖИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ ХАРИУЦДАГ БОЛСОН НЬ ХИЛ ХААЛТТАЙ БАЙГАА ЭНЭ ҮЕД БИД ЛАНГУУ ДҮҮРЭН БАРААТАЙ БАЙНА-

Энэ нь насанд хүрсэн бүх иргэд карттай, тус картанд мах, сүү, талх, будаа, элсэн чихэр, хоёр шил архи багтдаг байв. Энэ үеэр “картын бараа”-нд дугаарлаж байсан 10 настай хүүхэд хүмүүсийн хөлд дарагдаж, амиа алдаж байв. Цаашлаад ихэнх дэлгүүрийн лангуу дээр “бор давс”-наас өөр зүйл байдаггүй байв. Учир нь бүх дэлгүүр, бараа нь улсынх байсан юм.

Харин 1995 онд П.Жасрай гуайн Засгийн газар картын бараанаас бүрэн татгалзаж, Монгол Улсын хүнс, барааны хангамжийг төр хариуцах биш хувийн хэвшил хариуцах, зах зээлийн тогтолцоонд шилжих шийдвэр гарсан.

Ингээд хувийн хэвшил талхаа хийж, дэлгүүрээ өөрсдөө ажиллуулдаг болсноор энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл үргэлжилж, Орос дайнтай, Хятад коронавирустай, урд, хойд хил хаалттай байгаа хүнд үед дэлгүүрийн лангуу дүүрэн барааны сонголттой байгаа нь зах зээлийн тогтолцоо, хувийн хэвшлийнхний маань гавьяа юм. Харин хүнс, барааны хангамжийг хувийн хэвшил хариуцдаггүй байсан бол өнөөдөр манай улсад юу болох байсныг төсөөлөхөд ч хэцүү.