Гашуунсухайтын төмөр замын цариг бүдүүн болж, ажил удааширснаар 80 их наяадын алдагдалд хүргэсэн гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ

Гашуунсухайтын төмөр замын цариг бүдүүн болж, ажил удааширснаар 80 их наяадын алдагдалд хүргэсэн гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ

Төмөр замын "нарийн цариг"-ийг олон улсын стандарт гэж үздэг. Иймд манай урд хөрш Хятад улс нарийн царигийн төмөр замын стандарттай бол Орос улс бүдүүн царигийг төмөр замын стандарттай.

Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2014 онд “100 чухал сэдэв” гэх нэвтрүүлэгт оролцож, тус нэвтрүүлэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг нарийн царигаар баривал тус замаар Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг урагшаа урсана гэсэн санааг илэрхийлж, зарим хүмүүст зэмлүүлж байв. 

Иймд 2014 онд УИХ-ын 64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол батлагдсан байдаг.

Тус тогтоолд, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байдаг.

УИХ-ын 64 дүгээр тогтоолыг 2020 оны тавдугаар сарын 15-нд хүчингүй болгожээ

Гэтэл Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхад, 2020 оны  тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хурлаар “Тавантолгой-Гашуунсухайт зэрэг төмөр замын царигийн асуудлыг “Нууцын зэрэглэл” бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцэж, УИХ-ын 64 дүгээр тогтоол буюу “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай байна гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн тогтоол гаргаж, улмаар УИХ-ын 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын дээрх шийдвэрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй гэж зарим иргэд харддаг. 

Тэгвэл "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цариг бүдүүн болсон, бүтээн байгуулалтын ажил удааширсан зэргээс Монгол Улс 80 их наядын алдагдал хүлээсэн” талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой бүлгийн төлөөлөлтэй уулзах үеэрээ хэлжээ. Мөн тэрээр тус асуудлыг хөндөх үеэрээ, “би хүн муулах гэж үүнийг яриагүй” гэсэн утгатай байр суурийг давхар илэрхийлж байжээ.