УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олсон судлаачдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүлэгү ханы зуны ордны туурийг олсон судлаачдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Сургууль, Измир Катип Челеби Их Сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид 2022 оны 06 дугаар сарын 12-18-нд Бүгд Найрамдах Турк Улсын Ван мужийн Хан тосгоноос “Аладагийн ордон” хэмээх Ил хаант улсыг үндэслэгч Хүлэг ханы зуны ордны туурийг олж илрүүлсэн билээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар "Ил хаант улсыг үндэслэгч Хүлэгү ханы зуны ордон: БНТУ-ын нутаг буй Аладагийн ордны хайгуул, судалгаа"-ны төслийн удирдагч, доктор Д.Анхбаяр(Д.Анхбаяр доктортой хийсэн ярилцлагыг ЭНД дарж үзнэ үү) тэргүүтэй судлаачдыг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.

Монголын археологич, эрдэмтэд түүхэндээ анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гадаадад хийсэн Монголын эзэнт гүрний дурсгалын хайгуул судалгаа ийнхүү амжилттай болсныг судалгааны багийнхан уулзалтын үеэр хэлж байлаа. Эртний Перс, Армен хэл дээрх түүхэн сурвалжуудад Ил хаан Хүлэгү одоогийн Турк улсын Ван мужийн бэлчээр сайтай бүс нутгийг “Лавтай сагут” буюу “Лавтай суух” газар хэмээн монгол нэр өгч, 1261-1265 оны хооронд зуны ордноо байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг. Олон жилийн судалгааны ажлын үр дүнд энэхүү зуны ордны туурийг нээж, түүхэн баримт, мэдээллийг баталгаажуулах ховор үнэ цэнтэй олдворуудыг илрүүлсэн байна. Судалгааны ажлын эхний өдрүүдэд эрдэмтэд Ил хааны үеийн шаазан эдлэлийн үлдэгдлүүдийг олжээ.

Ван нуурын голд байх арал дээр Акдамарын сүмээс илрүүлсэн чулуун хөрөг. Уг хөргийг судалгааны багийнхан Хүлэгү хааных хэмээн таамаглаж байгаа юм