Д.Анхбаяр: Туркээс илрүүлсэн Хүлэгү хааны ордон Монголчууд очиж үздэг аялал жуулчлалын түүхэн газар болох бүрэн боломжтой /ВИДЕО/

Д.Анхбаяр: Туркээс илрүүлсэн Хүлэгү хааны ордон Монголчууд очиж үздэг аялал жуулчлалын түүхэн газар болох бүрэн боломжтой /ВИДЕО/

Монголын түүхч, археологичид Турк улсын Ван аймгаас Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлсэн нь түүхэнд тэмдэглэгдэх онцгой үйл явдал байлаа. Тэгвэл хайгуулын хүрээнд ямар, ямар түүхэн олдворуудыг илрүүлсэн, тус хотын туурийг цаашид аялал жуулчлалын бүс болгох боломжтой эсэх талаар бид МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Анхбаяртай ярилцлаа.

ВИДЕО: 

-АЛАДАГИЙН ОРДОН НЬ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ТАВ ДАХЬ ОРДОН БОЛЖ БАЙНА-

-Хүлэгү хааны зуны ордны туурийг Турк улсаас илрүүлсэн нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал байлаа. Юуны өмнө танд болон танай багт баяр хүргэе. Хүлэгү гэж чухам ямар хаан байсан  гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Ил хаант улсыг үндэслэн байгуулагч Тулуйн хүү, Чингис хааны ач бол Хүлэгү хаан. Хүлэгү хүүхэд байхдаа Чингис хаантай уулзаж байсан намтар түүхтэй. Чингис хаан 1225 онд буюу Хорезмын дайнаас буцаж явахдаа их найр хийсэн. Тэр найран дээр Хүлэгү өвөөгөө Монголоос тосож очин уулзсан байдаг. Ингэхдээ замдаа янгир агнасан учраас Чингис хаан анхны ангийнх нь тосоор эрхий хурууг нь тосолж, мялаасан түүхтэй.

1251 онд Мөнх хаан өөрийн дүү Хүлэгүгийн төр барих, цэрэг удирдах чадварыг нь үнэлэн баруун зүгт томилж явуулсан байдаг. Тийнхүү 1256 онд Хүлэгү хаан “уулын өвгөд” гэж нэрлэдэг Ассассинчуудыг өнөөгийн Ираны нутагт дарснаар Ил хаант улсыг үүсгэн байгуулсан. Хүлэгүгийн удмынхан 1334 он хүртэл өнөөгийн Иран, Ирак, Турк, Гүрж, Азарбайжан, Армен, Сирийн хойд хэсэг наашилбал Афганистаны баруун хэсэг, Туркменистаны өмнөд хэсэг зэрэг том нутгийг захирсан байдаг. 

-Хүлэгү хааны Аладагийн ордыг судлах ажил хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Энэ жил Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой тохиож буй. Энэ түүхэн онд Хүлэгү хааны байгуулсан Аладагийн ордны туурь олдоно гэдэг бэлгэшээлтэй үйл явдал байлаа. Аладагийн ордон нь хилийн чанад дахь Монголын эзэнт гүрний тав дахь ордон болж илэрч байгаагаараа онцлог. Хоёрдугаарт, Хүлэгү хаан монгол ёс заншлаа хадгалж үлдээхийг хичээдэг, монгол уламжлалыг баримтлагч хүн учраас эх нутгаасаа гарч явсан даруйдаа энэ ордныг байгуулсан гэдэг утгаар бидний сонирхлыг ихээр татсан.

Ингээд 16 хоногийн турш мэргэшсэн археологичдын хамтаар хайгуул хийсний эцэст өнөөгийн Туркийн Ван мужийн нутагт байх “Абагагийн тал” хэмээх газарт Аладагийн ордны туурийг олсноо бид албан ёсоор зарлалаа.

Гэхдээ сүүлийн дөрөв, таван жилийн турш бид Перс, Араб, Армени зэрэг олон хэл дээрх сурвалжуудыг судалж, ордны туурь энд байх боломжтой гэдэг саналаа дэвшүүлсний үндэс дээр хайгуулаа эхлүүлсэн.

Хүлэгү хааны зуны ордны туурь байх Абагагийн тал

-Энэ ордныг барьж байгуулсан түүхэн цаг хугацаа нь хэзээ юм бэ?

-Абага гэдэг нь Хүлэгү хааны хүү, хоёр дахь Ил хааны нэрээр нэрлэгдсэн тал нутаг. Энэ нутагт баригдсан Аладагийн ордныг анх байгуулсан түүх нь их сонин. Хүлэгү хаан ах Мөнх хааны захиасаар баруун Азид очиж, Ил хаант улсыг байгуулсныхаа дараа 1259 онд Мамлюкуудын эсрэг дайлаар мордсон. Энэ үедээ Алада уулын бүс нутгаар өнгөрөхдөө тэр газрын ус бэлчээрт нь дурлаж, “Лабтай сагут” гэж нэрлэсэн хэмээн Перс сурвалжид өгүүлсэн байдаг. “Лабтай сагут” гэдэг нь лавтай суух гэсэн монгол үг. Хүлэгү хаан Сирийн дайнаас буцаж ирснийхээ дараа 1261 онд тушаал буулгаж, “Лабтай сагут” гэдэг газарт ордон байгуулах зарлиг буулгасан. Тийнхүү 1265 он хүртэл дөрвөн жилийн турш энэ ордныг байгуулсан байдаг.

-ИЛ ХААНТ УЛСЫН ҮЕД ДЭЛГЭРСЭН ОЛДВОРУУДЫН ҮЛДЭГДЭЛ ХЭДЭН АРВААРАА ИЛЭРСЭН-

-Ордон байгуулагдаж байх үеийг нүдээр үзсэн гэрчүүдийн сурвалж, бичгүүд бий гэж сонссон?

-Тийм ээ. Энэ ордон байгуулагдаж байх үеийг бичиж тэмдэглэсэн амьд гэрчүүд бий. Жишээлбэл, Вартан хэмээх Армени түүхч “тусгай нэмэлт зардал гаргаж байж энэ ордныг барьсан. Мөн ажлын хүнд хүчрээс болж хүн, мал олон зуугаараа үхэж, үрэгдсэн” гэж бичиж тэмдэглэсэн байдаг. 

Мөн 1265 онд ордныг нээхэд очсон хүмүүс Шагжамуни, Майдар гэсэн Буддын хоёр сүм байна. Маш олон шар дээлтэй, улаан орхимжтой Буддын лам нар байна гэж тэмдэглэсэн байдаг. Абагай хааныг таалал төгсөх үед 1282 онд тэнд том хуралдай болсон гэх мэдээлэл ч бий. Хамгийн сонирхолтой нь, 1291 онд Гайхату хаан ширээнд суух ёслолоо Аладагийн ордонд хийсэн гэж сурвалжид тэмдэглэсэн. Түүнээс хойших Ил хаад амьдралдаа хамгийн багадаа хоёр удаа энэ ордонд ирж зуссан гэж сурвалжид өгүүлсэн байдаг.

-Хайгуулын хүрээнд тус газарт ямар, ямар байгууламж байсан гэж таамагласан бэ ?

-Одоогоор бид судалгааны явцад гурван барилга байгууламжийн дэвсгэр зургийг гаргаад байна. Ямар зориулалттай гэдэг нь дараагийн археологийн судалгаагаар тодорхойлогдох юм. Ордон яг дундад зууны үеийн Монголын бусад хот шиг хоёр голын бэлчир дээр, урд, ардаа том хайрхантай, адуу мал бэлчих, хуралдай хийх томоохон талбартай байсан. Урьдчилсан байдлаар түүвэр судалгаа хийхэд 1200:1200 метр талбайтай ордон хот болох нь тодорхой болсон. Цаашдын судалгаагаар хэмжээ нь улам өргөжих магадлалтай гэж манай археологичид үзэж байгаа.

-Хайгуул хийхэд ямар, ямар олдворууд илрүүлэв. Ганзага дүүрэн буцаж ирлээ гэж та хэлж байсан шүү дээ?

-Энэ бол Аладагийн ордон юм гэдгийг нотолж буй хамгийн гол олдвор гэж хэлж болох Монголчуудын “зээбад” гэж нэрлэдэг домгийн амьтныг дүрсэлсэн барилгын нүүрийг тэндээс илрүүлсэн. Тэрхүү барилгын нүүр мөн Хархорумаас олддогтой туйлын ижил төсөөтэй байсан. Зээбадтай нүүр ваарыг эзэнт гүрнүүд хааны ордон эсвэл Буддын сүмд л ашигладаг.

Бас нэгэн томоохон олдвор нь зуузай тамгатай барилгын дээврийн материал. Зуузай тамгыг хооронд нь зөрүүлэхэд хас тэмдэг үүсдэг. Хас болон зуузай тамгатай барилгын ваарны үлдэгдэл олдсон.

Энэ нь Монголын эзэнт гүрний хаадын тамга гэдгийг тодорхой харуулж байгаа юм. Түүнээс гадна Монголын эзэнт гүрний тосгуур болон номин ногоон өнгийн паалантай нөмрөг ваарны үлдэгдэл олдсон. Ерөнхийдөө Ил хаант улсын үед дэлгэрсэн Ил хаадын хөх, ногоон ваарны үлдэгдэл хэдэн арваараа илэрсэн. Тэр ч байтугай хотын төв дунд Монгол хаадын ордонд байдаг хиймэл нуур, цөөрмийн үлдэгдэл хадгалагдан үлдсэн байна.

түүвэр байдлаар олдсон Монголын эзэнт гүрний үеийн шаазан ваарны хэсгүүд

-АРМЕНИЙ ЭРТНИЙ ХРИСТИЙН СҮМД БАЙХ ЧУЛУУН ХӨРӨГ ХҮЛЭГҮ ХААНЫХ БАЙХ БОЛОМЖТОЙ ГЭЖ БИД ҮЗЭЖ БАЙНА-

-Ю.Болдбаатар доктор Христийн сүмээс Хүлэгү хааныг дүрсэлсэн чулуун хөрөг олдсон гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Ван нуурын голд байх арал дээр Акдамарын сүм хэмээх эртний сүм байдаг. Сүмийн ханан дээр Библи сударт гардаг үйл явдал хийгээд Христийн шашны хутагт гэгээнтэн элч нарыг дүрсэлсэн чулуун хөргүүд бий. Мөн сүмийг барьж байгуулахад тусламж үзүүлсэн гэдэг утгаараа Мусульман, Багдадын Халифийн хөргийг хүртэл сийлсэн байдаг. Хамгийн сонирхолтой нь бид энэхүү сүмийн зүүн өмнөд буланд нэгэн монгол морьтон хүний чулуун хөрөг байсныг баталгаажуулсан.

Акдамарын сүм

Энэ морьтны шивэлгэр гэзэг, хөхөл, сахал, гартаа барьсан сумны зэв, өмссөн дээл зэргээс нь харахад 13-р зууны Монгол хүн байсан. Мөн хоёр нүдэн дээр нь эрдэнийн чулуу шигтгэсэн ул мөр байгаа юм. Энэ мэт морьтны өмсөж зүүсэн хувцас, байгаа байдлыг нь харахад монгол язгууртан мөн гэдэг нь тодорхой. Бүр онцгойлбол, Ил хаан Хүлэгү байх бүрэн боломжтой. Яагаад гэвэл Хүлэгү ил хаан энэ бүс нутагт ирээд Христийн шашныг маш ихээр дэмжсэн. Тийм ч учраас тухайн үеийн Христийн шашинтнууд Хүлэгүг Гэгээн Георгий гэж өргөмжилсөн баримт хүртэл байдаг. Энэ бүх үйл явдлаас үзэхэд тус бүс нутагт Христийн шашныг ивээлдээ авч, тэтгэж байсных нь нэг баталгаа болгож, сүмд Хүлэгү хааны хөргийг хүндэтгэлтэйгээр сийлэн, залсан байх магадлалтай гэж бид үзэж байгаа. Үүнийг Монголын эзэн хаадаас нэр нь мэдэгдэж буй анхны чулуун хөрөг гэж үзэх боломжтой гэсэн саналыг манай багийнхан дэвшүүлсэн. Удахгүй нарийн судалгааг нь хэвлүүлж, олны хүртээл болгоно.

Хүлэгү ханы чулуун хөрөг

-Энэ мэт түүхэн өндөр ач холбогдолтой дурсгалт газруудыг гадаадын улс орнууд тусгай хамгаалалтад авч аялал жуулчлалын гол төвөө болгох тохиолдол их шүү дээ. Хүлэгү хааны ордны туурь хийгээд тууриас илрүүлсэн олдворуудыг цаашид аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон ашиглах боломжтой юу?

-Ирээдүйд археологийн малтлага хийгдсэнээр аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох бүрэн боломжтой. Өнөөдөр Турк улсыг зорих Монгол жуулчдын тоо асар их болсон. Монгол жуулчид Туркийн аялал жуулчлалын гол бренд болсон Истанбул, Анталя, Измир, Памуккале зэрэг хотоор хамгийн их аялдаг. Тэгвэл энэ удаа илрүүлсэн дурсгалуудын хүрээнд Монголын өвөг дээдсийнхээ үлдээсэн туурвил, бүтээлүүдийг үзэх аялал жуулчлалын шинэ чиглэл гарахыг ч үгүйсгэхгүй. Мөн үүнийг анхааралдаа аваасай гэж хүсэж байна.

-Археологийн судалгааг хэзээ эхлүүлэх вэ?

-Археологийн малтлагыг ирэх жилээс нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж бид үзэж байна. Яагаад гэвэл нэгэнт зарлагдсан тохиолдолд энэ амжилтыг ахиулахын тулд малтлага судалгааг хийж, Монголын эзэнт гүрний түүхийг баяжуулах илүү олон олдворыг илрүүлэх бүрэн боломжтой. Мөн Монголын эзэнт гүрний хот суурины судалгааны нэг том бааз суурь гэдгээрээ өндөр ач холбогдолтой. Тиймээс нэн яаралтай малтлага судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай. Археологийн малтлага гэдэг нэлээд хүч хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа шаарддаг учраас төр засгийн дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа түүх, соёлын салбар төр засгийн дэмжлэгтэйгээр хөгждөг. Тиймээс төр засаг үүнийг анхааралдаа аван, малтлага судалгааны ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байна.

Судалгааны баг