БИДНИЙ ТУХАЙ: Барууны орнууд хориг тавьсан энэ үед ОХУ-ын сайд ДЭМЖЛЭГ авахаар Монгол Улсад айлчлав

БИДНИЙ ТУХАЙ: Барууны орнууд хориг тавьсан энэ үед ОХУ-ын сайд ДЭМЖЛЭГ авахаар Монгол Улсад айлчлав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр/2022.07.05/ манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Орос-Украины нөхцөл байдлын улмаас дэлхийн улс төрийн уур амьсгал тун эмзэг байгаа энэ үед Оросын сайд манай улсад айлчилсныг бусад улс орон хэрхэн дүгнэж буй нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл АНУ-ын “ABCnews” суваг “ОХУ-ын Гадаад хэргийн сайд дэмжлэг авахаар Монгол Улсад айлчилж байна” хэмээх гарчигтай нийтлэл гаргажээ. Уг нийтлэлд: ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ази тивийн анхны айлчлалаа Монголоос эхлүүллээ. Тэрбээр Украин руу түрэмгийлсэнтэй холбогдуулж барууны орнууд хориг тавьсан энэ цаг үед дэмжлэг авахаар Монголын эрх баригчидтай уулзжээ. Монголын төрийн хэвлэлийн мэдээлснээр Лавров Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзаж, тус улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан байна.

Монгол Улсын төрийн хэвлэл болох МОНЦАМЭ агентлаг Лавровын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын талаар “Хоёр орны харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа дахин нотолж, (Лавров) Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв” гэжээ.

Харин Оросын ТАСС агентлаг “С.Лавров Кремлийн зүгээс Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны талаар Монголчуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн” гэж мэдээлжээ.

С.Лавров уулзалтын үеэр “Бид Киевийн дэглэмийн төлөөлөгчид Украинд хэрхэн биеэ авч явж, хэрхэн авирлаж байсан талаарх баримтуудыг дэлхийн олон нийтэд хүргэх сонирхолтой байна. Харамсалтай нь барууны орнууд болж буй үйл явдлын талаар бодитой мэдээлэл өгдөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ажлыг тасалдуулж, хаахын тулд бүх зүйлийг хийж байна" гэж ямар ч нотлох баримтгүй хэлэв. Үүнээс гадна хоёр талын эрх баригчид Оросын байгалийн хийг Хятад руу дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих зэрэг хэд хэдэн худалдааны хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Монгол бол Орос, Хятадын дунд оршдог далайд гарцгүй орон бөгөөд хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай байдаг. Мөн тус улс Хятад, Оростой харилцаа нь хурцадсан АНУ-тай нягт харилцаа тогтоохыг эрмэлзсээр ирсэн.

С.Лавров мягмар гарагийн орой айлчлалаа дуусгаж, Вьетнам руу хөдөлжээ. Тэрбээр тус улсад хоёр өдрийн айлчлал хийх бөгөөд Лхагва гарагт Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тхан Сон, Ерөнхий сайд Фам Мин Чин, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг тэргүүтэй Вьетнамын удирдагчидтай уулзах юм. Энэхүү айлчлал нь хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн үеэр болж байна. Орос улс Вьетнамын дайны үед капиталист өмнөд хэсэг болон Америк, барууны бусад холбоотнуудын эсрэг Ханойн коммунист засгийн газарт дэмжлэг үзүүлж байсан түүхтэй. Долоо хоногийн сүүлээр Лавров Индонезид болох G20 бүлгийн тэргүүлэх баян орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Мэдээллийг эх сурвалжаас ЭНД  ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: ABCnews