СУРВАЛЖИЛГА: Дарханы зам дээр ажил хийж байгаа хүн АЛГА. Техник хэрэгсэл нь ЗОГСЖЭЭ

СУРВАЛЖИЛГА: Дарханы зам дээр ажил хийж байгаа хүн АЛГА. Техник хэрэгсэл нь ЗОГСЖЭЭ

Улаанбаатар Дархан чиглэлийн автозамыг ирэх 2023 оны аравдугаар сар гэхэд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад өгч, ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдсэн. Гэвч Дархан чиглэлийн автозам ирэх намар ч ашиглалтад орохгүй бололтой нөхцөл байдалтай байна. Энэ талаар бид газар дээрээс нь сурвалжиллаа.

ВИДЕО:

Дарханы замын ажлын бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулах үүргийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хүлээж буй. Энэ ч утгаараа дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн саруудад /2022.05.04-06.02/ тус зам дээр ажиллаад ирсэн. Тухайн үед замын ажил эрчимтэй явж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан. Гэвч эл ажил өнөөдөр бараг л зогсжээ. 

Бидийг Дархан чиглэлд явж байх үед /2022.08.03/ замын ажил хийж байгаа нэг ч хүн таарсангүй. Харин ганц нэгэн хүнд даацын техник хэрэгслийг зам хааж байрлуулсан байв. Харин эхний хучилтыг нь хийсэн бололтой замын хажуугаар сүлжилдэх тээврийн хэрэгслийн шороо, тоос тэр орчмыг бүрхэж байсан юм. Угтаа зуны дэлгэр цагийг ашиглаж, ажил нь ид өрнөж байх учиртай замын ажлыг огт хийгдээгүй, тус зам дээр ажиллаж байгаа  нэг ч хүн, техник хэрэгсэл байхгүй байгаа нь өөрийн эрхгүй сэтгэл эмзэглүүлж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авч одсон Дарханы зам дараа жил дахиад л ашиглалтад орохгүй нь дээ гэх халаглал өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг. 2022.08.03

-ДАРХАНЫ ЗАМ ЭНЭ БАЙДЛААР ИРЭХ НАМАР АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ НЬ-

Улаанбаатар чиглэлд явах замд Дарханы замыг барих зам анги байрлаж байгаа бололтой олон тооны гэр, техник хэрэгсэл байв. Тухайн газарт очиж замын ажил яагаад үргэлжлэхгүй байгаа талаар тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй” гээд нэг ч хүн ам нээсэнгүй. Тэдний нөхцөл байдлыг харвал ажил зогсжээ.

Энэ талаар жолооч нар “Дарханы замыг ашиглалтад оруулахгүй байх сонирхол олон хүнд байх шиг байна. Бүтэн 3-4 жил 200 км зам тавьж чадахгүй байгаа улс цааш хэрхэн хөгжих вэ. Эл зам дээр хэдэн хүний амь үрэгдэж, эд хөрөнгө хохирч байж замыг ашиглалтад оруулах юм бол. Нэгэнт хөрөнгө мөнгө нь байгаа бол асуудал юунд байна. Үүнд сэтгэл л дутаж байна. Угтаа олон жил гацсан замыг өдөр шөнөгүй олон хүн зэрэг ажиллуулаад хийвэл хурдан л барьчихна шүү. Монголоор дүүрэн ажилгүй залуус байна. Тэднийг татан оролцуулаад цалин хөлсийг нь олгоод явбал хэн хэндээ л хэрэгтэй шүү дээ. Шороон замаар явахаар машины эд анги, дугуй гээд эвдэрч болох бүх л зүйл л ээлж дараалан эвдэрч байна. Ингэж иргэдээ хохироож болохгүй. Ер нь тэгээд энэ талаар хэлж, ярьж, хэвлэл мэдээллийнхэн бичиж, сурвалжиллаа ч үр дүн гарахгүй байна. Ажлаа хийхгүй байгаа хүмүүст нь хариуцлага тооцоод, хариуцлагын системээ чангаруулбал ажил хурдан явах байх” гэхчлэнгээр байр сууриа илэрхийлж байлаа.    

Улаанбаатар Дархан чиглэлийн зам нь монголчуудын хэлдгээр ёстой л мордохын хазгай эхэлсэн.

Тодотговол, тус замыг анх барих талаар ярьж эхлэх үед “Эм Си Пи Си Ар” ХХК ямар ч сонгон шалгаруулалт, тендергүйгээр ТЭЗҮ, зураг төслийг нь боловсруулж, 3.1 тэрбум төгрөгөөр төрд шахсан байдаг. Энэ нь ч хууль шүүхийн хаалга татсанаар эл замын түүх эхэлдэг. Улмаар зам барих компанийг сонгон шалгаруулах тендер нь будилаантай явж, тус сонгон шалгаруулалтыг буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Дарханы замыг барих ажилд цаасан компанийг шалгаруулсан эрхмүүд нь өдгөө “аавын хаалга” татаж эрсдэлтэй болоод байгаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хэсэг. 2022.08.03

Үүнд ЗТХ-ийн сайд асан Л.Энх-Амгалан, ТНБД С.Батболд, тус яамны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ гэх мэт хүмүүс багтана гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Мөн эл ажилд сэтгэл зүтгэл гаргаагүйд одоогийн Зам тээврийн яамны сайт Л.Халтар тэргүүтэй удирдлагууд ч өртөж мэдэх.

Учир нь өнгөрсөн долоо хоногт орсон 30 минутын аадар борооны улмаас Дарханы замын нэгдүгээр багцын зам хууларч унасан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Газар хөдөлж, галт уул дэлбэрэх, үер усны аюулыг бид байгалийн давтагдашгүй хүчин зүйл гэж боддог. Харин хаа сайгүй орж байдаг 30 минутын борооны ая даахгүй замыг барьж байхад захиалагч болох Зам тээврийн хөгжлийн яам хяналт тавьсангүй юу. Чанаргүй байх эрсдэлтэй, мөн ажлаа түргэвчлэхгүй, хойш сууж байгаа компаниудын толгойг илсээр байгаа Л.Халтар сайд ч мөн хариуцлага хүлээж магадгүй байна.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ