Бүс нутгийн аюулгүй байдал хурцдаж байгаа тул Ван И, А.Гутерреш нар ирж, Монголын эрчим хүчийг Оросоос хараат бус болгох талаар яриад буцлаа

Бүс нутгийн аюулгүй байдал хурцдаж байгаа тул Ван И, А.Гутерреш нар ирж, Монголын эрчим хүчийг Оросоос хараат бус болгох талаар яриад буцлаа

Энэ долоо хоног /2022.08.08-12/-т манай улсад НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И гэсэн дэлхийн томчуудын айлчлал болсон нь сүүлийн 3-4 жилд болоогүй үйл явдал болж өндөрлөж байна. Харин эдгээр айлчлалууд яагаад хийгдэв, манай улсын ямар асуудал шийдэгдэв гэдэг нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

-ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ ХЭМЭЭГЭЭД МОНГОЛ УЛС “НЭГ ХЯТАД” БОДЛОГЫГ ДЭМЖДЭГ ГЭЖ ВАН И ДЭЛХИЙД ЗАРЛААД БУЦАВ-

Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ын айлчлалаарЭрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ын төслийг хэрэгжүүлэх, Гашуунсухай-Ганц мод боомт хоорондын хил дамнасан төмөр замын холболтын талаар санамж бичигт гарын үсэг зурах" зэрэг асуудал шийдэгдлээ. Энэ талаар Ван И,Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр, “Монголын тал "Нэг Хятад" бодлогыг тууштай баримтлахаа дахин нотолсон. Бусад улс орон Хятадын Тайвань, Төвд Шинжаан, Хонконгтой холбоотой асуудалд хөндлөнгөөс оролцож байгааг шүүмжилснийг бид сайшааж байна” гэсэн.

Товчхондоо, Манай Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөлд санхүүжилт өгнө хэмээгээд Монгол Улс нь “Нэг Хятад” бодлогыг дэмжигч гэдийг  Ван И дэлхийд зарласан.

Учир нь түүнийг манай улсад айлчлахын өмнөхөн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваний аралд айлчилж, БНХАУ-ын "Нэг Хятад" бодлогын эсрэг, ардчиллын төлөө Тайваний талд зогсоно гэж мэдэгдсэн билээ. 

-"МОНГОЛ БОЛ ЭНХ ТАЙВНЫ БЭЛГЭ ТЭМДЭГ" ХЭМЭЭГЭЭД ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫГ НҮБ ДЭМЖИНЭ ГЭЖ А.ГУТЕРРЕШ ЗАРЛААД БУЦАВ-

Харин Ван И-ын айлчлал өндөрлөснөөс ердөө хэдхэн цагийн дараа /2022.08.08/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад ирсэн. НҮБ-ын тэргүүн ихэвчлэн хямралыг зохицуулахаар, дайн энх тайвны асуудлаар гишүүн орнууддаа айлчлал хийдэг. Энэ утгаар нь айлчлалыг харвал НҮБ-ын тэргүүн манай улсад айлчлал хийх шаардлага байгаагүй.

Харин А.Гутерреш айлчлалынхаа үеэр “Цөмийн зэвсэггүй Монгол Улс дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болж байна” хэмээн мэдэгдээд, “Эгийн голын усан цахилгаан станц”-ын асуудал дээр НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн чуулганаар НҮБ Эгийн голын УЦС-ын асуудалд бодлогын дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.  Учир нь Эгийн гол дээр манайхыг усан цахилгаан станц барихыг ОХУ -ын тал эсэргүүцэж ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар тус төслийн ажил олон жил саатаад байгаа юм.

-МАНАЙД АЙЛЧИЛСАН ДЭЛХИЙН ТОМЧУУДАД БҮС НУТГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛАХ ЧУХАЛ БАЙВ-

Энэ долоо хоногт Монгол Улсад ар, араасаа болсон Дэлхийн томчууд болох А.Гутерреш, Ван И нарын энэхүү айлчлалууд Монгол Улсыг ОХУ-ын эрчим хүчний хараат байдлаас гаргах, цаашлаад Орос, Украин зэрэг асуудлаас үүдэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал хурцдаж байгаа энэ үед харилцаагаа сайжруулахын тулд манай улсад ирсэн гэж дүгнэж болно. Учир нь Хятадын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийсэн айлчлалаа өндөрлүүлээд БНСУ-д очсон бол, НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешын онгоц уржигдар /2022.08.11/ Улаанбаатар-Сөүл чиглэлд ниссэн бөгөөд өдгөө тэрээр БНСУ-д айлчилж байна. 

Харин зарим эх сурвалжууд манай улсад хийсэн А.Гутерреш, Ван И нарын айлчлалууд нь төрийн өндөрлөгүүдийн гавьяа мэтээр ярьж байгаа. Үнэндээ Монгол Улс ардчилсан тогтолцоотой, олон тулгуурт гадаад бодлоготой учраас НҮБ-ын тэргүүн, Хятадын Гадаад хэргийн сайд нар "манайтай харилцаагаа сайжруулах"-ын тулд айлчилж байгаа юм.

Сонирхуулахад, дээрх айлчлалуудын өмнө Германы Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн, тагнуулч Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг хэрхэн зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн тухай мэдээлэл гарсан. Тэгвэл Д.Сүхгэрэлийг манай хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.