Сүүлийн нэг жилд төмс, цагаан будаа болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ 83 хувиар өсжээ

Сүүлийн нэг жилд төмс, цагаан будаа болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ 83 хувиар өсжээ

Энэ оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцууллаа.

Хэрэглээний үнийн өсөлт буюу инфляц 15.7 хувьтай гарчээ. Үүний 6.3 нэгж буюу 40 хувийг нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Сүүлийн нэг жилд хүнсний үнэ 83 хувиар өсжээ. Төмс, цагаан будааны үнэ хамгийн өндөр хувиар өсжээ. Импортын барааны үнийн өсөлт 54 хувиар өссөн байна. Үүнд дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн нь нөлөөлжээ. Энэ бүлгийн үнэ сүүлийн нэг жилд 39 хувиар өссөн байна.       

Уул уурхайн орлогын нөлөөгөөр улсын төсвийн орлого 1  их наяд төгрөгөөр өсжээ. Гэвч улсын төсвийн зардал мөн тэр хэмжээгээр өсөж, төсвийн тэнцэл 700 орчим тэрбум төгрөг байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 1.9 хувиар өсжээ. Үүний 1.8 хувийг ХАА-н салбарын өсөлт  эзэлсэн байна. Үүнд малын хорогдол 90 хувиар буурсан, төл бойжилтын үр дүн нөлөөлжээ. Үйлчилгээ, худалдааны салбар ДНБ-ийг өсгөхөд хувь нэмэр оруулжээ. Харин уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтөд -0.7 хувь буюу сөрөг нөлөө үзүүлжээ.     

Гадаад худалдаа сүүлийн нэг жилд 1.7 тэрбум ам.доллараар, импорт 924 сая ам.доллараар нэмэгджээ. Энэ оны эхний долоон сард гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Үүнд нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өссөн нь нөлөөлжээ. Одоогоор манай улс 11 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оныхоос 700 мянган тонноор илүү байна. Харин төмрийн хүдэр (2 дахин), газрын тосны экспорт (80 хувиар) буурчээ.  

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Учир нь урсгал данс, бараа үйлчилгээний анхдагч данс 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна. Импортын төлбөр, манай иргэд гадагшаа аялж жуулчилсан,  гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдсэн нь үйлчилгээний урсгал дансны алдагдалд нөлөөлжээ. Харин санхүүгийн данс гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр 300 сая ам.доллараар өссөн байна.   

Ажилгүйдлийн түвшин: Энэ оны эхний улиралд 8.5 хувь байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь байна. Үйлчилгээний салбарын сэргэлт ажил эрхлэлтэд эергээр нөлөөлж, 42 мянган хүний ажлын байраар хангажээ.  

Өрхийн бодит орлого сүүлийн нэг жилд 0.8 хувиар буурсан нь үнийн өсөлттэй холбоотой. Мөн өнгөрсөн онд иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцины урамшуулал 50 мянган төгрөг олгож, энэ онд олгоогүй.    

ВИДЕО: 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө