“Рио Тинто”  “Туркойс Хилл Ресурс”-ын 49 хувийн хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор үнэлж талууд тохиролцоонд хүрлээ

“Рио Тинто” “Туркойс Хилл Ресурс”-ын 49 хувийн хувьцааг 3.3 тэрбум ам.доллароор үнэлж талууд тохиролцоонд хүрлээ

“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг бүрэн эзэмших зарчмын тохиролцоонд хүрлээ.

“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувийн хувьцааг худалдан авах замаар тус компанийг бүрэн эзэмших санал гаргасан юм. “Рио Тинто” эцсийн саналдаа “Туркойс Хилл Ресурс” компанийн нэгж хувьцааг 43 канад доллароор буюу компанийн 49 хувийг нийт 3.3 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Уг саналыг “Туркойс Хилл Ресурс” компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжиж, хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ.

Санал хураалт энэ оны 4-р улиралд болох төлөвтэй байна. Саналыг баталгаажуулахад жижиг хувьцаа эзэмшигчдийн олонхын санал шаардлагатай юм.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Бид Монгол улсын засгийн газартай шууд хамтран ажиллаж Оюу толгой төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгдөг. Энэ хэлцэл гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн чухал үед компанийн засаглалыг тодорхой болгож, цаашид хийх ажлуудыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, Оюу толгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болно” гэжээ.

“Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Туркойс Хилл Ресурс” компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц энгийн болно. “Рио Тинто” компани хувь эзэмшигчийн хувиар “Эрдэнэс Оюу Толгой” компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж, бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ” гэв.

Эх сурвалж: Рио Тинто Монгол