Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төслүүдэд Орос, Хятадтай хамтран "шинжээчдийн түвшин"-д ажиллахаар болжээ

Эрдэнэбүрэн, Эгийн голын УЦС-ын төслүүдэд Орос, Хятадтай хамтран "шинжээчдийн түвшин"-д ажиллахаар болжээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцолжээ.

Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болсон байна.

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв. Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцолжээ.