Казахстан ОХУ-аас хараат бус болох бодлого барьж байгаа бол, Х.Баттулга бөх үзэж В.Путинтай уулзахдаа “Эгийн гол УЦС"-ыг ярьж байсангүй

Казахстан ОХУ-аас хараат бус болох бодлого барьж байгаа бол, Х.Баттулга бөх үзэж В.Путинтай уулзахдаа “Эгийн гол УЦС"-ыг ярьж байсангүй

Энэ долоо хоног /2022.09.15-16/-т Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын хуралдаан болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ажиглагч”-ийн байр сууринаас оролцож, Монгол, Орос, Хятадын “гурван талт” хэлэлцээ боллоо. Энэ үеэр “Эгийн гол”-ын усан цахилгаан станц /УЦС/-ын төсөлд хөрш орнуудтайгаа хамтран ажиллах саналаа Монгол улс дахин илэрхийлж, шинжээчдийн түвшинд ажиллах шийдэлд хүрсэн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.

Мөн сүүлийн хоёр долоо хоногт “Эгийн голын УЦС-ыг Монгол Улс барина” гэдгээ В.Путины өмнө хоёр дахь удаагаа ярьсан нь энэ байлаа. Учир нь өнгөрсөн долоо хоног /2022.09.07/-т Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ В.Путинтай уулзах үеэрээ мөн ярьсан. Харин ОХУ-ын хэвлэлүүдэд “байгаль нуурын экологи чухал” гэсэн мэдээлэл гарч буй.

-КАЗАХСТАН УЛС ОХУ-ААС ХАРААТ БУС БОЛОХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА-

Хэрэв “Эгийн гол УЦС” ашиглалтад орвол Монгол Улс эрчим хүчний хувьд Оросоос хамааралгүй болох юм. Харин энэ асуудалд ОХУ нааштай хариу өгөхгүй байгаа нь Монгол Улсыг төмөр зам болоод эрчим хүчний хувьд өөрөөсөө хараат байлгах зорилготой байж болзошгүй байгаа юм. 

Тэгвэл хуучин ЗХУ-ын үеэс л Монгол, Казахстан улсууд нь азийн орнуудаас Орост ирэх түрэмгийллээс хамгаалах зорилготой “Буфер” орнууд байсан гэдэг.

Иймд ОХУ нь нөлөөгөө энэ хоёр улсад алдахыг хүсдэггүй гэж судлаачид тайлбарладаг. Харин сүүлийн жилүүдэд Казахстан улс Оросоос хараат бус болох бодлого /зугтах/ барих болсон. Сонирхуулахад,  дундад азийн хэсэгт байрлах Казахстан улс нь ЗХУ-ыг азийн түрэмгийллээс хамгаалах “Буфер улс” болж ирсэн төдийгүй, далайд гарах гарцгүй тул ОХУ-тай хуурай замаар олон мянган км хиллэж экспорт, импорт нь 100 хувь Орос улсаас хамааралтай тул Казахстан ОХУ-ын нөлөөнд байсаар ирсэн байдаг.

Иймд Казахстан улс “Евро азийн эдийн засгийн холбоо”-г байгуулах санаачилгыг анх гаргаж, эдийн засгийн чөлөөт худалдааг хөгжүүлэх, тээврийн нэгдсэн тариф, нэгдсэн гаалийн систем бий болгож харилцан ашигтай байх гэрээг гишүүн орнуудтайгаа байгуулсан байдаг. Ингэснээр Хятад, Европын орнуудтай хийх худалдаа нь хэдэн тэрбум ам.доллар болон өсөж, харин ОХУ-тай хийх худалдаа нь хоёр дахин буурсан гэдэг.

Улмаар БНХАУ-ын санаачилга болох “Торгоны зам”-ыг Казахстан улсын тэргүүлэх чиглэл болгоод байгаа. Учир нь “Торгоны зам”-ын гол асуудал нь тээврийн асуудал бөгөөд Казахстаны зүүн талын Хятадтай хиллэдэг өртөөнөөс Казахстаны баруун тал хүртэл нарийн царигийн төмөр зам тавьж улмаар Азербайжан, Гүрж, Туркээр дамжин Европын холбооны улсууд руу хүрэх юм. Хэрэв энэ төмөр зам ашиглалтад орох юм бол Хятад болон азийн орнуудын ачаа, бараа Оросын нутгаар дамжин Европын орнууд руу хүрдэг байдал зогсож ОХУ хүнд байдалд орно. Нөгөөтэй ЗХУ-ын харьяа хуучин орнуудаа төмөр замын бүдүүн царигтай байлгах ОХУ-ын стратеги үгүй болох юм.

-МОНГОЛ УЛС ОХУ-ААС ТӨМӨР ЗАМ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУВЬД ХАРААТ БАЙСААР БАЙНА-

Товчхондоо, Казахстан, Монгол хоёрын ОХУ-аас хамааралтай байх зовлон ижилхэн. Харин Казахстан улс энэ байдлаас гарахын тулд сүүлийн жилүүдэд ихээхэн хүчин чармайлт гаргаж, “тэнцвэржүүлэх бодлого” барьж буй гэдэг. Иймд ШХАБ-ын уулзалтын өмнөхөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин ч Казахстан улсад айлчлал хийсэн нь дээрх асуудлуудтай холбоотой байж магадгүй юм.

Харин өмнөх жилүүдэд ийм оролдлого хийх боломж манай төрийн тэргүүнүүдэд байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн 200 гаруй км нарийн царигийн төмөр замын ажлыг гацааж, эцэст нь Монгол улс энэ чиглэлд бүдүүн царигтай “мухар” төмөр замтай болж үлдээд байна. Хэрэв Гашуунсухайт чиглэлийн төмөр зам “нарийн цариг”-тай тавигдсан бол Хятадын нутгаар шууд дамжаад далайд хүрэх боломж байсныг үгүйсгэж болохгүй.

Нөгөө талаар Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай хэд, хэдэн удаа албан болоод албан бус уулзалтуудыг хийж байсан.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтдаа Баку хотод Жүдо бөхийн ДАШТ үзэж байв. 2018.09

Тухайлбал, 2018 онд ОХУ-д болсон “Алс дорнодын эдийн засгийн форум” дээр уулзсан бол, удалгүй Азербайжан улсад болсон Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамт үзсэн, мөн В.Путин 2019 онд Монгол Улсад айлчилсан гээд тэд албан болон албан бусаар олон удаа уулзсан. Харин энэ олон уулзалтын ард Эгийн голын УЦС барина гэж Х.Баттулга В.Путинтай ярьсан талаар албан ёсны мэдээлэл гарч байгаагүй. Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгч байх бүрэн эрхийнхээ хугацаанд Эгийн голын УЦС-ыг Монгол Улс барина гэдгээ В.Путинтай тохирч чадсан бол түүхэнд сайнаар бичигдэх байв. Харин тэр тэгээгүй. Иймд одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд ямартай ч 14 хоногт хоёр удаа В.Путины чихэнд Эгийн голын станцаа ярьж хонх уяж чадлаа.