ВИДЕО: Өөхийг дахин боловсруулж "Малын гаралтай тос" болгон Хятад, Узбекистан улсад экспортолж буй “Хотол Констракшн" ХХК-ийг сурвалжлав

ВИДЕО: Өөхийг дахин боловсруулж "Малын гаралтай тос" болгон Хятад, Узбекистан улсад экспортолж буй “Хотол Констракшн" ХХК-ийг сурвалжлав

Өөх шаргааж, боловсруулдаг ахуйг үйлдвэрийн хэмжээнд хөгжүүлж яваа “Хотол Констракшн" ХХК-ийг бид энэ удаагийн сурвалжилгаараа онцоллоо. Тус компани Хятад улсаас ургамлын тос үйлдвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн хаягдал өөхийг дахин боловсруулж "малын гаралтай өөхөн тос"-ыг үйлдвэрлэж байгаа юм.

Үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болж буй энэхүү компани нь нэг сарын дотор 100 тонн өөхөн тос үйлдвэрлэж одоогийн байдлаар Хятад, Узбекистан болон бусад улсуудад экспортлох эрхээ авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Ингээд бид уг үйлдвэрийг зорьж “Хотол Констракшн" ХХК-ийн захирал Ц.Дагвадоржтой ярилцлаа.

ВИДЕО: 

-ӨТӨЖ БАЙГАЛЬ ОРЧНЫГ БОХИРДУУЛСАН ХАЯГДАЛ ХОГЫГ ХАРААД ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ САНАА ТӨРСӨН-

-Сайн байна уу. Юуны түрүүнд та манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Цэрэндоржийн Дагвадорж гэдэг. Би Өвөрхангай аймгийн харьяат иргэн. Мөн “Хотол Констракшн ХХК”-ийн захирлаар ажилладаг хүн байна.

-Хаягдал өөхийг дахин боловсруулах санаа хэрхэн төрж байв?

-Би 2015,2016 онуудад Эмээлт, Налайхын бойны цэгүүд болон Хан-Уул дүүргийн “Био кабинет" гэж байдаг даа. Тэнд байдаг хогийн цэг дээр залуучуудаараа очиж ажиллаж байхдаа маш их хэмжээний өөх хаягдсан байгааг харсан юм. Зун байсан болохоор нэлээд өтсөн, байгаль орчныг бохирдуулсан тийм хаягдлыг өөрийн нүдээр хараад “энийг яагаад боловсруулж болохгүй гэж одоо яагаад хаягдаад үнэгүй болов. Эмээ, өвөө, ээж, аав маань хайлуулаад тос болгодог байсан шүү дээ. Бид яагаад чадахгүй гэж” бодож анх санаагаа авч байсан.

“Хотол Констракшн ХХК”-ийн захирал Ц.Дагвадорж

-Хэдийгээр бид хүнсэндээ тийнхүү өөхийг хайлуулж хэргэлдэг ч үйлдвэр гэдэг бол том механизм, Монголд байхгүй тоног төхөөрөмж шүү дээ. Тэгэхээр үйлдвэр болон тоног төхөөрөмжөө бэлдсэн явцын талаар товч яривал?

-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд санаагаа олоод шууд судалж эхэлсэн.  2017,2018 онуудад БНХАУ-д өөрөө очиж судалгаа хийж, үйлдвэрүүдтэй нь танилцахад яг өөхөн тос үйлдвэрлэж байгаа үйлдвэр олдоогүй. Тиймээс хамгийн дөхөм буюу ургамлын гаралтай тосыг үйлдвэрлэдэг газруудыг судлаад, түүнийг нь Монголчлох буюу Монголд яг өөхөн тосонд зориулсан үйлдвэр болгож, 2019 анх оруулж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн дээ.

-Үйлдвэр учир түүхий эд баггүй ордог байх, өөхөө хаанаас авдаг вэ?

-Анх эхэлж байхад бас нэлээдгүй бэрхшээл байсан. Үүний нэг нь түүхий эд юм л даа. Учир нь анх бол эхний элжинд Эмээлт захад байдаг махны үйлдвэрүүд, тэнд байгаа бойнуудаас авна. Дээрээс нь Дэнжийн мянга дээр мах зардаг боловсруулдаг хүмүүстэй холбогдож, шулааны өөх, малын дотор өөх, гадна өөх гэхчлэн өөхнүүдийг цуглуулж анхны боловсруулалтаа хийж байлаа. Мэдээж энэ бүхэн үнэгүй биш л дээ.

-Үнэгүй биш гэлээ. Жишээлбэл нэг тонн өөхийг хэдээр авдаг вэ?

-2019 онд бол харьцангуй гайгүй байсан. Хүмүүс тоохгүй их хаядаг байсан бол одоо өөх үнэд ороод хаягдал бага гардаг болсон байна лээ.

Одоогоор бид нэг тонн өөх 300-500 мянган төгрөгөөр худалдан авдаг. Нэлээд үнэтэй гэж хэлж болно. Учир нь нэг тонн нүүрсээ бид чинь 250 мянгаар худалдаалдаг шүү дээ.

-Үйл ажиллагаагаа эхлүүлээд гурван жил болсон гэж ойлгосон. Энэ хугацаанд хэдий хэмжээний тос үйлдвэрлэв?

-Бид 2019 оноос хойш 300 гаруй тонн өөхөн тос үйлдвэрлэсэн байна. Гэхдээ ковидын улмаас хоёр жил маань бусад байгууллагын адил хүндхэн өнгөрсөн. Энэ жилээс л үйл ажиллагаа тогтворжиж байна. Мөн бид “сар бүр зуун тонн тос үйлдвэрлэх” зорилт тавин ажиллаж байгаа.

-Худалдан авагчдын хувьд?

-Одоо яг учиргүй сонирхож авдаг хувь хүмүүс бол нэг их байдаггүй. Бид гол нь Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох нь эхний зорилт байсан. Энэхүү ажлаа эхлүүлээд явж байгаа.

-Ямар улсуудад экспортолж байгаа вэ. Гаднын хүмүүс хэр сонирхож байна?

-Гадаад руу гаргахдаа бид зөвхөн Орос, Хятадын зах зээлд л гаргая гэж зориогүй. Тиймээс гуравдагч, дөрөвдөгч орнуудыг сонирхож хүсэлт тавьсан. Одоогоор Хятад, Узбекистан улсууд руу албан ёсны эрхтэйгээр экспортлох ажил явагдаж байгаа. Хэрэглэгчдийн хувьд аливаа зүйлийг хүнд таниулах нь чухал байдаг шүү дээ.

Хятад Улсын иргэд анх нэг их тоодоггүй байсан. Одоо нэлээдгүй хэрэглэж сурч байх шиг байна лээ. Наад мужуудаараа хэрэглэж сураад эхэлсэн учир өртөг өсөж хэрэгцээ нэмэгдсэнээр бид харьцангуй өндөр үнээр худалдаалж байгаа.

-ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭСЭН ХЭН БҮХЭНД БИД НЭЭЛТТЭЙ ИРЭЭД АВЧ БОЛНО-

Малын гаралтай өөхөн тос үйлдвэр 2022.09.19

-Гаргаж авч буй тосны чанарын хувьд?

-Манайх эслэгийн хувьд 10 хувиас дээш гарч байгаа маш чанартай өөхөн тос үйлдвэрлэж байгаа.

-Тосоо гаргаад нийлүүлж эхэллээ. Цаашдын зорилго гэж байгаа юу. Томруулах, бүтээгдэхүүн нэмэх ч гэдэг юм уу?

-Байлгүй яах вэ. Бид ингээд тосоо гаргаад авчихлаа. Энэ чинь бид түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон гэсэн үг. Тэгэхээр цаашид өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Жишээ нь “Kangaroo" гээд гутлын тос байдаг шүү дээ. Түүнтэй адил дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зорилт байгаа. Үүнийг залуустаа бас уриалмаар байна.

Бидэнд түүхийн эд байна. Үүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажил хэрэгжүүлэх гэсэн хэн бүхэнд бид нээлттэй. Ирээд авч болно.

Монгол яагаад “Kangaroo” шиг гутлын тос гаргаж болохгүй гэж бас “savecard” ч юм уу. Савантай өрсөлдөх савангийн үйлдвэр барьж болохгүй гэж боломж нь хангалттай бүрдчихээд байна гэсэн үг л дээ. Бидний хувьд бол цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр нь ажиллах л үлдээд байна даа.

-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг судалгаа хийгдэж байгаа юу. Энэ талаар бидэнд сонирхуулаач?

-Бид үйлдвэрийн аргаар гаргаж авсан чанартай өөхөн тосоороо саван хийж туршиж үзсэн. Гэхдээ одоогоор гар аргаар хийж байгаа савангууд учраас янз бүрийн хольц буюу чацаргана, олевийн тос зэргийг хольж, эгч маань хонины болон бусад хэлбэртэй саван хийсэн байгаа.

Гар аргаар хийж буй савангууд

-Малын гаралтай бүтээгдэхүүн Монголчуудын хувьд шавхагдашгүй нөөц гэж та нэг ярилцлагадаа хэлсэн байсан. Тэгэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх бодол байгаа юу?

-Тиймээ. Монголчууд 70 гаруй сая малтай. Үүнээс 16,17 сая малыг нь жил бүр идшиндээ хэргэлдэг. Тэгээд дахин төл авдаг. Тэгэхээр энэ бол шавхагдашгүй нөөцтэй салбар мөн хаягдал гарахгүй, ус хэрэглэхгүй шүү дээ. Тиймээс бид салбараа тэлж орон нутгаас өөх цуглуулах ажил эхлүүлсэн. Би сая зүүн гурван аймгаар явж ажлаа танилцуулаад тус аймгуудад бас цэгүүдээ нээж эхэлж байна. Цаашлаад баруун аймгуудаар явна. Говийн бүсийн аймгуудаар явна. Хойд бүсийн аймгуудаар сая яваад ирсэн. Сэлэнгэ, Дархан гэхчлэн тэр аймгуудад бас тос цуглуулах цэгүүдээ байгуулсан байгаа. Ингээд цаашаа өргөжин тэлээд явна даа гэсэн бодолтой байна. Бид 21 аймагт 2022 ондоо багтаад өөх цуглуулах салбаруудтай болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна даа.

-Бидэнтэй ярилцаж, үйлдвэрийн ажлаа танилцуулсан танд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа.




Өнөөдөр луу өдөр

58 минутын өмнө