Төрийн компаниудын ХБ-аас зээлсэн 595 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэх ажил удааширчээ

Төрийн компаниудын ХБ-аас зээлсэн 595 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэх ажил удааширчээ

-ӨР БАРАГДУУЛАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН САЙД НАР ОГЦОРСОН-

Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдрийн /2022.08.24/ хуралдаанаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн. Тэр дундаа Төрийн өмчит компаниудын зээлсэн 595.6 тэрбумыг хэрхэн барагдуулах асуудлаар голлон ярилцсан байдаг. Өнгөрсөн зургаадугаар сард дээрх Төрийн өмчит есөн компанийн 595.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх Засгийн газрын 220 тоот тогтоолыг гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн.

Гэтэл дээрх шийдвэрийн биелэлт хангалтгүй, хариуцсан хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тус хуралдаанаар 220 тоот тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх 30 хоногийн хугацаатай үүргийг холбогдох сайд нар болон төрийн өмчит компанийн удирдлагуудад өгсөн юм. Тус компаниуд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарласан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. ЭНД дарж унших.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар удааширч байгаа гэх мэдээлэл байна. Учир нь наймдугаар сарын 24-нөөс хойшхи 30 хоногт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж МИАТ, Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Ди Би Эм Лизинг ХХК-д олгосон зээлийг эргүүлэн төлүүлэх ажлыг хариуцаж байсан Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, З.Мэндсайхан нар сайдын ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс Хөгжлийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах Засгийн газрын тогтоолын хэрэгжилт гацаж, ажил саарсан гэх мэдээлэл байна.

-АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛД ҮНЭТ ЦААС ГАРГАХ ХӨРӨНГӨ БОРЛУУЛАХ АЖИЛ ХИйГДЭЖ БУЙ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Ямартай ч төлөвлөгөөний дагуу ажил явагдахаар байсан бол өнөөдөр /2020.09.20/ анхдагч зах зээлд үнэт цаас гаргаж ТОСК-ийн өрийг барагдуулах ажлыг хийх ёстой. Мөн “ТОСК” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Хөдөлгөөнт цогцолбор” төслийн хөрөнгийг худалдан борлуулах ажлыг Батлан хамгаалахын сайд дааж авсан бөгөөд төслийн хөрөнгийг 33.3 тэрбум төгрөгөөр худалдан борлуулахаар олон нийтэд зарласан боловч худалдаж авахаар сонирхсон хувь хүн, хуулийн этгээд гарч ирээгүй гэх мэдээлэл байгаа юм. Цаашлаад “НОСК” ХК-д бүртгэлтэй 972 айлын орон сууцыг тусгай зориулалтын компаниар дамжуулан үнэт цаас гаргах замаар МУХБанканд эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад Д.Сумъяабазарт даалгасан. “НОСК” ХК-ийн зүгээс МУХБанктай тооцоо нийлж, үлдэгдэл дүнгээр үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа ч үнэт цаас гаргаж, тус банканд байршуулах ажлын явц, гүйцэтгэлийн үе шат, хугацаа мөн л тодорхойгүй байгаа гэх.