МИАТ компани "Онгоц худалдаж авах"-даа ХБ-наас зээлсэн 15 сая ам.доллароо өчигдөр төлж дуусжээ

МИАТ компани "Онгоц худалдаж авах"-даа ХБ-наас зээлсэн 15 сая ам.доллароо өчигдөр төлж дуусжээ

МИАТ ТӨХК өчигдөр /2022.09.19/ Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл болох 10 тэрбум төгрөг буюу 443 сая иенийн төлбөрөө төлж барагдуулсан талаараа мэдээлжээ. Ингэснээр МИАТ компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байгаа аж. 

Тодруулбал, тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан. Харин 2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ.

Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан ажээ. 

Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдуулсан байна. 

Сонирхуулахад, Төрийн өмчит есөн компанийн Хөгжлийн банкаас зээлсэн 595 тэрбум төгрөгийг эргүүлэн төлүүлэх ажил удааширч байгаа тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн өмчит есөн компанийн 595.6 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэх Засгийн газрын 220 тоот тогтоолыг гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгөөд байсан юм. Харин Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ эргүүлэн төлөөгүй компаниудаас МИАТ ТӨХК хасагдаж найм болжээ. 

Хөгжлийн банкнаас зээл авсан ТӨХК-ийн мэдээлэл