Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарт төрийн тамгыг нь гардуулан өгчээ

Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарт төрийн тамгыг нь гардуулан өгчээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дэх зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг шинээр томилсон билээ.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарт төрийн тамгыг нь гардуулан өгсөн байна. 

Энэ талаар Нийслэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Яамгүй”, ”Тамгагүй” хоёр сайд ямартай ч өнөөдөр “Тамгатай сайд” боллоо. Шууд удирдах салбарын яамгүй ч хууль болон Ерөнхий сайд, Засгийн газраас олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах бодлогын менежментийг хийж, иргэн, хувийн хэвшил, олон улсын хамтын үр ашигтай ажиллагааг дэмжин ажиллана. Сайн үйл хийх гэж Төрийн сайдаар тохоон томилогдсон гэдгээ гүнээ ухамсарлаж байна" гэжээ. Харин Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсад олимп, нийтийн биеийн тамир, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, 2024 оны Парисын Олимп болон тив, олон улс, дэлхийн аваргын тэмцээнд оролцох Монгол тамирчдын бэлтгэх ажилд хичээнгүйлэн зүтгэхээ илэрхийлж байна" гэв.