Б.Батцэцэг: НҮБ дээр Украины асуудлаар түдгэлзсэн байр суурийг илэрхийлж байгаа

Б.Батцэцэг: НҮБ дээр Украины асуудлаар түдгэлзсэн байр суурийг илэрхийлж байгаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд 100 гаруй төрийн тэргүүн Засгийн газрын тэргүүн оролцож байна. Уг хуралдаанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш /2022.09.21/ Ерөнхий санал шүүмжид үг хэлнэ. Ингэхдээ бүс нутаг болон улс орондоо тулгарч буй асуудлаа танилцуулж, аюулгүй байдал, тогтвортой байдал, байгаль орчны асуудлыг дурдахын зэрэгцээ цаашид Монгол Улс дэлхийн энхтайвны төлөө ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал, шүүмждээ дурдах аж. 

Монгол Улсын хувьд дэлхийн батлан хамгаалах, цэрэг зэвсгийн ажиллагаанд их мөнгө зарцуулж байгааг дурдаад, үүнийг хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн төлөө, эдийн засгаа сэргээхэд зарцуулсан бол илүү үр өгөөжтэй байх талаар онцлох юм байна. 

Ерөнхийлөгч одоогийн байдлаар таван орны төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийгээд байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг хурлыг дүгнэж хэлэхдээ " Уулзалтаар тухай орнуудтай бид ямар хамтын ажиллагааг өрнүүлсэн, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцана. Бид бүс нутагтаа хүний эрх, ардчиллыг хөгжүүлж, ардчиллын загвар орон гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын дараа мэддэггүй улсууд мэдэж авлаа, мэддэг нь хоёр том хөршийн дунд ардчиллыг загвар болгон хөгжүүлж буй, хүмүүсийн аз жаргалтай, хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөг өндрөөр үнэллээ. Тиймээс үүнийгээ улам илүү батжуулах, улс орноо сурталчлах талд хүн бүр хичээх ёстой. Үүний тулд иргэн бүрт эх оронч үзлийг суулгаж, иргэн бүр гадаад харилцааны талаар ойлголттой байвал илүү хурдацтай хөгжих, илүү анхаарал татах боломжтой байна гэдэг өөдрөг сэтгэгдэлтэй байна.

Украины асуудлаар НҮБ-ын хурлын үеэр янз бүрийн саналууд явж байна. Санал хураалтуудад голдуу түдгэлзсэн байр суурь илэрхийлж байгаа. Энэ нь зарим оронд ойлгомжгүй байгаа ч бид хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, гуравдагч хөршийн бодлого зэргийг тэнцвэржүүлж байна. Түдгэлзсэн байр сууриа гуравдагч хөршүүддээ тайлбарлах шаардлагатай байна. Хоёр хөршдөө ч тодорхой тайлбарлах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд, энэ асуудалд яагаад түдгэлзэж байгаа талаараа маш сайн тайлбарууд өгч байна. Бид дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай. Энэ харилцааг тэнцвэртэй хадгалахын зэрэгцээ маш ухаалаг гадаад бодлого явуулж байна гэдгийг дэлхийн олон улс орнууд онцолж байна" гэлээ.