Хятадын Ардын энхтайван, зэвсэг хураах нийгэмлэг, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын удирдлага дор Олон улсын Энхтайвны өдөрт зориулсан хурал өчигдөр /2022.09.21/ боллоо.
Тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай олон улсын гэрээнд энэ оны гуравдугаар сарын 10-нд албан ёсоор нэгдсэн. Ингэснээр уг гэрээнд нэгдэн орсон 57 дахь улс болсон. Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ нь цөмийн зэвсгээс ангижрах эрх зүйн орчныг сайжруулах үндэс хэмээн бид итгэдэг. Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн баг, цэргийн алба хаагчид дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах НҮБ-ын үйл хэрэгт 2002 оноос идэвхтэй оролцож байна. Эдүгээ, Монгол Улсын энхийг сахиулагчид Өмнөд Судан, Афганистан, Судан улсын Абей муж, Йемен, Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг зэвсэгт мөргөлдөөний халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг билээ. Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, энх тайван, аюулгүй байдлыг хангах хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг манай улс сайшаан дэмжиж, цаашид эдгээр санаачилгын зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд бодлогын харилцан уялдаа холбоогоо бэхжүүлэн хамтран ажиллахад анхаарч байна” хэмээсэн юм.
Энэ удаагийн хурал “Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь” сэдвийн хүрээнд болж өнгөрлөө.