Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэрэг, зэвсэглэлд зарцуулж буй хөрөнгийг хүүхдэд зориулах байсан гэх агуулгыг НҮБ-ын индэрээс онцлов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэрэг, зэвсэглэлд зарцуулж буй хөрөнгийг хүүхдэд зориулах байсан гэх агуулгыг НҮБ-ын индэрээс онцлов

Өчигдөр /2022.09.22/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Тэрбээр үг хэлэхдээ дэлхий нийтийг энхтайванд уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэхийг уриалангаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнөө сурталчлахын зэрэгцээ Монгол улсын эрх ашиг юу болохыг хэлж ойлгуулав. 

Тодруулбал тэрбээр, "2021 онд 2.1 их наяд ам.долларт хүрсэн явдал нь бүх цаг үеийн дээд хэмжээг давлаа хэмээн Стокхольмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.

Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй энэ их төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад зориулсан бол хэчнээн сая хүүхдийн ирээдүй гэрэлтэж, хэчнээн сая хүн ядуурлаас гарч, хэчнээн сая хүн өлсгөлөн, өвчин зовлонгоос ангижирч, хэчнээн сая хүн хоол хүнстэй, эрдэм боловсролтой, ажлын байртай, орох оронтой болох байсан бол?Энэ их зардал мөнгийг хүн төрөлхтний өмнө тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ямар их ахиц дэвшил гарч болох байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ эргэцүүлэн бодож, тунгаан үзэх цаг нэгэнт болжээ" гэжээ. 

Энэ нь ОХУ-ын Украин руу довтолсон үйл явдалд шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ эвлэрэлд уриалсан агуулга гэдгийг шинжээчид дүгнэж байна.