БАРИМТ: “Хотод байр худалдаж аваагүй хөдөөний хүнийг Нийслэлийн иргэнээр бүртгэхгүй” гэсэн саналыг Д.Сумъяабазар гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

БАРИМТ: “Хотод байр худалдаж аваагүй хөдөөний хүнийг Нийслэлийн иргэнээр бүртгэхгүй” гэсэн саналыг Д.Сумъяабазар гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц бодлого”-ын хүрээнд нэлээд олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, хэд хэдэн саналыг гаргажээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлд иргэдийн шилжилт хөдөлгөөн ихээр нөлөөлж учир Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 332 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”-д хэд хэдэн заалтыг тусгах саналыг гаргасан байна.

-УЛААНБААТАРТ ОРОН СУУЦ ХУДАЛДАЖ АВСАН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ГЭСЭН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙГ Л НИЙСЛЭЛД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛЫГ Д.СУМЪЯАБАЗАР ГАРГАЖЭЭ-

Тодотговол, Засаг захиргааны нэгжээс нийслэлд бүр мөсөн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргах нь зүйтэй гэх саналыг Д.Сумъяабазар гаргажээ. Тэрбээр хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дараах тохиолдлоос бусдаар "түр зогсоож" болно гэж үзсэн байна.

ҮҮНД: 

  • Нэгдүгээрт: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зайлшгүй авах,
  • Хоёрдугаарт: Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан, өвлөж авсан,
  • Гуравдугаарт: Албан томилолтоор нийслэлд 6 сараас дээш хугацаагаар томилогдон ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл л нийслэлд шилжиж ирж болно гэжээ.

Харин бусад тохиолдолд болохгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргах ёстой гэх санал гаргасан байна.

Хотын дарга Д.Сумъяабазарын санал

Нэг үгээр хэлбэл, Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд зөвхөн орон сууц худалдан авч, өвлөж авах иргэд, мөн 6 сараас дээш Улаанбаатар хотод ажиллах төрийн албан хаагч, эрүүл мэндийн тусламж авах иргэнийг л хөдөө орон нутгаас нийслэлд шилжүүлнэ. Харин хашаа байшин, гэр зэргийг худалдан авсан, мөн 6 сараас дээш хугацаагаар хотод ажиллах хувийн хэвшлийн байгууллагын ажилчдыг Улаанбаатар хотын иргэнээр бүртгэж авахгүй байх нь Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах болно гэж үзжээ. 

Гэтэл Үндсэн хуулийн 16.18-д Монгол Улсын иргэн нь "улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно" гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Иймд хотын дарга Д.Сумъяабазарын дээрх санал нь Үндсэн хууль зөрчиж байж магадгүй байгаа юм. Харин Засгийн газраас түүний саналыг дэмжих эсэх тодорхойгүй байна. 

Улаанбаатарт байр худалдаж авсан, эрүүл мэндийн шалтгаантай, 6 сарын томилолтой төрийн алба хаагчийг л Нийслэлийн иргэнээр бүртгэх Д.Сумъяабазарын саналыг та дэмжиж байна уу?

Нийт: 51 саналтай