“Их тэнгэр”-т болсон МАН-ын хурлаар "Д.Сумъяабазарын тайланг сонсож дахин мөнгө төсөвлөнө", "Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно" гэж ярилцжээ

“Их тэнгэр”-т болсон МАН-ын хурлаар "Д.Сумъяабазарын тайланг сонсож дахин мөнгө төсөвлөнө", "Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгоно" гэж ярилцжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр /2022.09.23/ төрийн тусгай хамгаалалттай "Их тэнгэр"-т зөвлөлдөх уулзалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус уулзалтад, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2022 оны эдийн засгийн нөхцөл байдал, 2023 оны эдийн засгийн төлөв, баримтлах бодлогыг танилцуулсан бол Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны төсвийн төслийг танилцуулсан байна. Төсвийн төслийг танилцуулсан шалтгаан нь УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж тэдний саналыг авах зорилготой байжээ. Тэгвэл хуралдааны үеэр хөшигний цаана яригдсан асуудлыг бид хүргэж байна.

Засгийн газраас гишүүдээ урьсан тус зөвлөлдөх уулзалтад нийт 20 гаруй УИХ-ын гишүүн л очсон  байна. Уур амьсгалын хувьд ерөнхийдөө тайван болсон бөгөөд  Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар л голлон танилцуулга хийж бусад гишүүд саналаа хэлжээ.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗӨВХӨН ХҮНСНИЙ САЛБАРТ ОРУУЛНА. МӨН ЦАРЦСАН БАРИЛГУУДАА БАРЬЖ ДУУСГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ -

Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар 2023 оны эдийн засаг, төсвийн нөхцөл байдлыг танилцуулахдаа,

  • "Ирэх онд шинэ бүтээн байгуулалтад төсвийн хөрөнгийг зарцуулахгүй. Харин ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд царцсан барилгуудаа дуусгана гэжээ. 21 аймаг болон сумдад царцсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн олон барилга бий бөгөөд нэн тэргүүнд эднийгээ дуусгахаар төлөвлөсөн" гэжээ.
  • Шинэ хөрөнгө оруулалтыг зөвхөн хүнсний салбарт оруулахаар төлөвлөсөн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан байна. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал”-ын асуудлыг хөндөж дотооддоо хүнсээ үйлдвэрлэх уриалгыг гарган УИХ-аар тогтоол гаргуулсан. Энэ хүрээнд тариалан, хүнсний ногоо, өндөг, мах, сүүний чиглэлээр дотоодын аж, ахуй нэгжүүдээ дэмжихээр Засгийн газраас ажиллаж эхлэхээр байгаа юм. Тэгвэл 2023 онд тус салбар руу ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын хийх аж.

- ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ХӨДӨӨ ОРОН НУТГААС ЭХЭЛЖ НЭМНЭ. ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 60 ХУВЬД НЬ ОЛГОНО-

  • Төрийн албан хаагчдын цалинг хөдөө орон нутгаас эхэлж нэмнэ. Энэ нь төвлөрлийг сааруулах зорилготой гэж Сангийн сайд танилцуулсан байна.
  • Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгоно. Ингэхдээ зорилтот бүлэгт олгоно гэжээ.
  • Эрдэс баялгийн экспортыг 2019 оны хэмжээнд хүргэнэ гэж төсөөлсан байна. Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлт бөгөөд сая Гашуунсухайт- Тавантолгойн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотойгоор ийм өндөр төсөөллийг тавьжээ.
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэдэлд төсвийг нь олгоно ингэхдээ нэг их наяд төгрөгийг төсөвлөнө гэж Б.Жавхланг хэлэхэд бүлгийн гишүүд эсэргүүцэж өнгөрсөн жилүүдийнх нь ажлын тайланг сонсож байж шийднэ гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл, 2022 онд Д.Сумъяабазарт өгсөн 700 орчим тэрбум төгрөгийг хэр үр ашигтай зарцуулсныг сонсоно. Тайланг нь авч үзнэ гэжээ.
  • Төрийн өмчит компанийн бие даан дур мэдэж гэрээ хийх хөрөнгө оруулалт хийх эрхийг хасч УИХ-аас чиглэл гаргадаг болохоор ирэх оны төсөвт тусгажээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр жорлон шинэчлэхэд 100 тэрбумыг дур мэдэн зарцуулдаггүй болно гэсэн үг. 

Ташрамд дурдахад, энэ бол зөвхөн танилцуулга бөгөөд үргэлжлүүлэн хэд, хэдэн удаагийн хэлэлцүүлэг хүлээж байна.