ХӨШИГНИЙ АРД: Д.Сарангэрэлийн "Ул" гэсэн мэдээлэлд Ерөнхий сайд ихэд бухимдан, "Уучлал" гуйсных нь дараа огцруулах шийдвэрийг гаргажээ

ХӨШИГНИЙ АРД: Д.Сарангэрэлийн "Ул" гэсэн мэдээлэлд Ерөнхий сайд ихэд бухимдан, "Уучлал" гуйсных нь дараа огцруулах шийдвэрийг гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас нь өчигдөр /2022.09.27/ огцруулсан. Ингэснээр тэрбээр Монголын түүхэнд хамгийн богино буюу 28-хан хоногийн хугацаанд ажилласан сайд болж байна.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬД "ЮУТАЙ Ч МЭДЭЭЛЛИЙГ НЬ ХАРЪЯ" ХЭМЭЭН ОГЦРУУЛАЛГҮЙ ХҮЛЭЭЖ БАЙЖЭЭ -

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрсөн даваа гаригт /2022.09.26/ Төрийн ордонд зохион байгуулсан “Халамжаас Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр амьдралын түвшин доогуур иргэдийг “улны” хэмээн тодорхойлж, тэр нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн. Нийгмийн уур амьсгал ширүүдэж асуудал хүндрэхтэй зэрэгцэн өчигдөр /2022.09.07/ алдаагаа зассан мэдээлэл хийж ард иргэдээс “Уучлалт” хүссэн ч тусыг эс болов. Нөгөө талд түүнийг огцруулсан процесс богино хугацаанд болж, шийдвэр гэнэт гарсан юм. Тэгвэл “хөшигний ард” ямар асуудал яригдаж, үйл явц хэрхэн өрсөн тухай мэдээллийг хүргэж байна.

Д.Сарангэрэлийг болчимгүй үг хэлж, иргэдийг бухимдуулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японоос ихэд бухимдаж, "Хариуцлагагүй үйлдэл гаргалаа" гэж хэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна. Тиймээс асуудал хурцдахаас өмнө буюу уржигдар оройноос огцруулах асуудлыг хөнджээ. Гэхдээ тэр үед огцруулах шийдвэрийг эцсийн байдлаар гаргаагүй  байсан гэдэг.

Өөрөөр хэлбэл, өчигдөр өглөө хийсэн Д.Сарангэрэлийн мэдэгдлийг хүлээж, юутай ч “Юу ярихыг сонсоё” гэжээ.

Гэвч Д.Сарангэрэлийн 11:00 цагт хийсэн мэдэгдлийг нь үзээд бодлоо өөрчлөх нь бүү хэл, санаа шулуудан "Ажлаа өг" хэмээн хэлүүлж, өргөдлийг нь хүлээн авч түүнд нь үндэслэн захирамжаа гаргасан байна. Ингээд ЗГХЭГ Д.Амарбаясгаланд чиглэл өгч өчигдөр /2022.09.27/-ийн танилцуулгыг хийлгэжээ. 

-ХНХ-ЫН ДАРААГИЙН САЙДЫГ ЯАРАН ТОМИЛОХГҮЙ-

Процесс нэгэнт болж өнгөрсөн. Одоо Д.Сарангэрэлийн дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалыг хэн хаших вэ гэдэг нь анхаарал татаж МАН доторх өрсөлдөөн хэдийн эхэлж байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тус албан тушаалд хамгийн их амбицлаж гүйдэг.

Мөн өмнө нь сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Чинзоригийг тохирох хувилбар гэх хүмүүс байна. Гэхдээ дараагийн сайд ийм яаран томилохгүй болов уу гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. 

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ баасан /2022.09.30/ гаригт Японоос ирээд ирэх долоо хоногийн даваа гаригт 2023 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх их ажилтай. Өөр бас нэгэн асуудал бий нь Л.Оюун-Эрдэнэ яаж ч хичээгээд манайд хоногшдоггүй улс төрийн соёлыг нэвтрүүлэх гэж хичээж байна уу эсвэл намрыг дуустал нийгмийн уур амьсгалаа тогтуун байлгаж цаашдын улс төрөө бодож байна уу гэх ярианы аль, аль нь байгаа ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн томилуулсан таван сайдын нэгэнд хариуцлага тооцохдоо "нүд цавчаагүй" нь бас өөр өнцөг. Ойрноос тэднийг зарим асуудлаар муудалцсан гэх мэдээлэл бий билээ. 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө