М.Оюунчимэг нарын эмэгтэйчүүдээс ХНХ-ын сайд томилбол Д.Сарангэрэлийн алдааг давтаж магадгүй тул “эрэгтэй хүн” байх нь тохиромжтой гэжээ

М.Оюунчимэг нарын эмэгтэйчүүдээс ХНХ-ын сайд томилбол Д.Сарангэрэлийн алдааг давтаж магадгүй тул “эрэгтэй хүн” байх нь тохиромжтой гэжээ

Д.Сарангэрэлийг Хөдөлмөр нийгмийн хамгаалал /ХНХ/-ын сайдаас огцруулсны дараа тус албан тушаалын төлөөх өрсөлдөөн МАН-д ширүүсч байна.

-Д.АМАРБАЯСГАЛАН ЦХХХ-НЫ САЙД Н.УЧРАЛ РУУ ЗАЛГАЖ ШИНЭ САЙДЫН АСУУДЛААР ТОЛГОЙ ӨВДӨЖ БАЙГААГАА ХЭЛЖЭЭ-

Гэхдээ сайн дурын уран сайханчдын мөрөөдлөөс илүү тус яамыг хэнд хариуцуулах вэ гэдэг нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн толгойны өвчин болж байгаа аж. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлаар МАН-ын удирдлагууд хэд, хэдэн хувилбартай суугаа талаар эх сурвалж мэдээлэв.

Үүнд: 

1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь квотоор эмэгтэй гишүүнд хариуцуулдаг яам. Тэгэхээр Х.Булгантуяа, Д.Саранчимэг, М.Оюунчимэг тэргүүтэй эмэгтэй гишүүд гүйлдэх нь аргагүй юм. Харин нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар Д.Саранчимэг, М.Оюунчимэг нарыг сайдад томилбол Д.Сарангэрэлийн гаргасан алдааг давтах магадлалтай гэж үзэн эрэгтэй хүн байх нь тохиромжтой гэж буй аж. Өөрөөр хэлбэл, олон нийтийн зүгээс Д.Сарангэрэлийн хэлсэн үгэнд бухимдаж, “Төрийн өндөр албан тушаалтан хариуцлагагүй үг хэлж улмаар Үндсэн хууль зөрчин ёс зүйн алдаа гаргасан” хэмээн шаардсаны эцэст түүнийг огцруулсан. Гэтэл яг энэ төрлийн алдааг гаргаж нийгэмд үе, үе шүүмжлэл дагуулдаг Д.Саранчимэг, М.Оюунчимэг нарыг томилох нь дээрх агуулгаас зөрөхгүй гэж үзэж буй аж.

2. Эмэгтэй гишүүд биш бол хэн бэ. Саяхандаа Д.Амарбаясгалан Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал руу утас цохиж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын томилгоонд толгой нь өвдөж байгаагаа хэлээд “Чи тэтгэврийн реформын асуудлаар идэвхтэй ажилладаг” гэх үг чулуудан ажиллах боломжтой эсэхийг нь асуужээ. Тэгэхээр МАН-ын удирдлагад энэ яамны сайдад тохирох хүнийг олох нь чухал асуудал болсон гэсэн үг.

Үүнээс гадна улс төрийн хүрээнд яригдаж буй бас нэгэн асуудал байгаа нь Архангай, Өвөрхангайнхнаас сайд томилж магадгүй гэх хувилбар.

Учир нь тус аймгийнхнаас сайд томилох талаар өнгөрсөн наймдугаар сард хийгдсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэчлэлийн үеэр ярьж байсан ч  гүйдэл нь таарч өгөөгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Д.Тогтохсүрэнгээ бүлгийн даргаас нь салгаж сайд болгох оронд нь Шадар сайд С.Амарсайханыг бүлгийн даргад томилох ингээд Шадар сайдад Ж.Мөнхбатыг томилохоор ярьж байсан гэдэг. Гэтэл Д.Тогтохсүрэнгээ хөдөлгөж чадаагүй учраас Ж.Мөнхбатын Шадар сайд болох мөрөөдөл талаар нэг болсон юм. Харин энэ удаа Д.Тогтохсүрэнг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилж чадвал дээрхийн дагуу албан тушаалын асуудал хөндөгдөж мэднэ. Эсвэл Ж.Мөнхбатыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилж магадгүй аж.

3. Бас нэг хувилбар гаднаас туршлагатай, залуу боловсон хүчин томилох.

-ТУС ЯАМНЫ САЙДЫГ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТ, ЭРҮҮЛ МЭНД, БООМТ ХАРИУЦСАН САЙДЫН ХАМТААР ШИЙДНЭ ГЭЖЭЭ-

Ийнхүү тус албан тушаалын томилгоо бужигнаан ихтэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнөөдөр /2022.09.30/ Японоос ирнэ. Тэрбээр ирэх долоо хоногийн даваа гариг /2022.10.03/-т болох чуулганы нээлтэд 2023 оны төсвийн төслөө танилцуулах юм. Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох бөгөөд ингэхдээ Боомт хариуцсан сайд, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын сайдын хамтаар шийдэж магадгүй аж. Тус яамыг АН-д үлдээсэн нь нэгэнт тодорхой болсон бөгөөд эцсийн хувилбар хэрхэн гарахыг харах үлдээд байгаа юм.




“BONUS BOOST” BSB-д

57 минутын өмнө