“Ул” гэсэн Д.Сарангэрэл огцорлоо, “Улаан бүсэд орсон эхнэртэй” С.Амарсайхан, “Золбин” гэх Б.Дэлгэрсайхан, “Бизнесменүүд дээрэмчин” гэсэн Ц.Даваасүрэн нарыг ОГЦРУУЛ

“Ул” гэсэн Д.Сарангэрэл огцорлоо, “Улаан бүсэд орсон эхнэртэй” С.Амарсайхан, “Золбин” гэх Б.Дэлгэрсайхан, “Бизнесменүүд дээрэмчин” гэсэн Ц.Даваасүрэн нарыг ОГЦРУУЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл амьжиргааны түвшин доогуур иргэдийг  “Ул”- ныхан гэж хэлээд албан тушаалаасаа огцорсон нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-д, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасан байдаг. Товчхондоо, Д.Сарангэрэл болчимгүй үгнээсээ болж огцорсон нь “Монгол Улсад цаашид хүний эрхийг хүндэтгэх, дээдлэх зөв жишиг тогтох” хандлага байгааг илтгэж байна.

Сонирхуулахад, Д.Сарангэрэлийн “Ул”- ныхан гэсэн үгийг Японд явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзээд ихэд бухимдаж, ямартай ч Д.Сарангэрэлийн тайлбар мэдээллийг хүлээе гэсэн байгаа юм. Ингээд Д.Сарангэрэл өнгөрөгч Мягмар гараг /2022.09.27/-т “Уучлалт гуйсан” мэдэгдэл хийсний дараа Л.Оюун-Эрдэнэ Японоос ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантайгаа холбогдож, “ажлаа өгөх” өргөдлийг нь Д.Сарангэрэлээс авахыг үүрэгджээ.

-ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЛБАН ТУШААЛТНУУД ӨНӨӨДӨР Ч АЖЛАА ХЭВИЙН ХИЙЖ БАЙНА-

Тэгвэл “хүний эрхийн зөрчил гаргасан” улс төрчдийн үйлдэл ганц Д.Сарангэрэлээр тогтохгүй. Иймд бид “Үндсэн хууль зөрчиж, хүний эрхийг зөрчсөн” байж болзошгүй хэр нь, одоо ч албан тушаалаа үргэлжлүүлэн хийж байгаа улс төрчдийг хүргэж байна. Үндсэн хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тухайлбал,

  • Коронавируст халдварын дэгдэлтийн үед буюу 2020 оны арванхоёрдугаар сард Архангай аймгаас Улаанбаатарт ирсэн хүнд өвчтэй эмэгтэй 22-ын товчоогоор нэвтэрч чадалгүй байсаар нас барсан хэрэг гарч байв. Гэтэл Шадар сайд С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо 2021 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн “улаан бүс” рүү нэвтэрч аав, ээжтэйгээ уулзаад, тэндээс шууд гадагш гарч нийгмийн харилцаанд орсон байдаг. Харин Шадар сайд С.Амарсайхан энэ үйлдлийг үгүйсгэжбайсан бөгөөд тэд одоо ч ажил, албан тушаалаа хэвийн хийсээр байгаа.

"Энэрэл" эмнэлгийн гадна иргэн амиа алдаж байв. 2021.07

  • Мөн 2021 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн “Энэрэл” эмнэлгийн гадна коронавирусийн халдвартай иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан хэрэг гарч байв. Харин тус иргэний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийхдээ, “Талийгаач нь архи уусан, зоорин давхарт ажиллаж, амьдардаг. Амьдралын нөхцөл байдал муу байсан” хэмээн ярьж, хохирогчийн нэр төрийг гутаан доромжилсон үйлдэл гаргаж байв. Гэсэн хэдий ч Б.Бямбадорж одоог хүртэл НЭМГ-ын даргын ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна.
  • УИХ-ын гишүүн Ц.Анандбазар олон эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хэрэгт холбогдож, үүнтэй холбоотой баримтад эрэн сурвалжлах нэвтрүүлэг олон нийтэд хүрсэн. Гэсэн хэдий ч Ц.Анандбазар УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ эдэлсээр явна. Уг нь түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломж парламентад бий.

ВИДЕО:  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан жолооч нарыг "Золбин" гэж байв

  • УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2021 оны дөрөвдүгээр сард Дорноговь аймагт хийсэн уулзалтынхаа үеэр "Улаанбаатарын золбин жолооч нар энэ өвчнийг чирч ирнэ шүү" гэж хэлсэн нь нэлээдгүйшүүмжлэл дагуулж байв.

ВИДЕО: УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ковидын халдвар аваагүй хүмүүст тэтгэмж үзүүлэх санал гаргаж байв.

  • Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 2021 оны аравдугаар сард “Коронавирус халдвар аваагүй, дархлаагаа сайн дэмжээд өөрийнхөө төлөө эрүүл, хариуцлагатай байгаа иргэдэд нэг удаагийн дэмжлэг олгох эсвэл сувилалд хамруулах санал гаргаж”, бусдыг эрүүл мэндээр ялгаварласан, хүний эрхийн мэдрэмжгүй мэдэгдэл хийж байв. Харин тэрээр өнөөдөр парламентын гишүүний зөөлөн суудалд тухалсан хэвээр байна.
  • УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон, элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон” гэж цоллон бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтнүүд мэтээр олон нийтэд хандан мэдэгдэл хийж байв. Иймд 2021 оны арваннэгдүгээр сард МҮХАҮТ-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт шаардлага хүргүүлж Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ нийт бизнес эрхлэгчдээс уучлал эрэхийг шаардаж байв.
  • Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Одсүрэн “олон өнгөтэй” хүүхдийн тоглоомыг нийгмийн цөөнх буюу “ЛГБТ” -ын бэлгэдэл хэмээн тайлбарлаж, нийтийн тээврийн энэ төрлийн өнгөтэй рекламыг хуулуулж хүний эрхэнд мэдрэмжгүй хандаж байлаа. Харин тэрээр одоо ч улс төрийн алба тушаалаа үргэлжлүүлэн хийсээр байна.