УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.10.10/ хуралдаж, Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг дагасан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд дэмжлээ. Энэ долоо хоногийн мягмар гаригт Төсвийн байнгын хороо, пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагаж нийт 102 хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль гэсэн хоёр том хууль орж ирж байна. Эдгээр хуультай холбоотой 82 хууль дагалдаж орж ирсэн. Мөн архи, тамхи зарим нэгэн суудлын автомашин зэрэг тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэхээр улсын төсөвт тусгасан. Үүнийг МАН-ын бүлгээс 25 хүнтэй ажлын хэсэг гарган судалж үзнэ” гэв.
Мөн тэрбээр "Манай улс хяналтын нэгдсэн тогтолцоотой. Мэргэжлийн хяналт дээр төвлөрдөг. Засгийн газрын зүгээс мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог болохгүй байна гэж үзээд хариуцдаг хяналт, шалгалтыг нь салбар, салбарт нь хариуцуулж байгаа юм билээ. Байгаль орчны салбарыг Байгаль орчны газар нь хариуцдаг болно гэх мэт" гэлээ.
Хэнтий аймагт өндөр төсөв төсөвлөж ялгавар гаргасан талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сэтгүүлч тодруулахад "Үнэндээ өндөр байна. Ялгавартай байгаа. Өмнө нь өндөр дүнтэй төсөв тавьсан болохоор өндөр л тавихаас өөр аргагүй юм байна лээ. Гишүүд бас барьцаад яриад байгаа" гэлээ.
ВИДЕО: